“Чимэгэ систем”-ийг шүүхэд туршилтын журмаар нэвтрүүлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
sodonizm@gmail.com
2020-10-05 17:50:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шүүхийн ерөнхий зөвлөл /ШЕЗ/-ийн удирдлагууд “Чимэгэ” ХХК-ийн удирдлагуудтай уулзаж, монгол хэлээр дуу, яриаг бичвэр болгон боловсруулдаг “Чимэгэ бичээч” системийг шүүхийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх талаар санал солилцсон байна.


Монгол Улсын шүүхэд мэдээлэл, технологийн дэвшлийг нэвтрүүлж, иргэдэд шүүхийн үйлчилгээг ойртуулах, технологийн дэвшлийг ашиглан хурдан шуурхай хүргэх зорилгоор энэхүү уулзалтыг зохион байгуулсан байна.


Уулзалтын үеэр “Чимэгэ” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Бадрал “Хуулийн салбарт протоколын систем их хэрэгтэй. “Чимэгэ систем”-ийг шүүх хуралдааны үед туршиж үзэх боломжтой. Олон улсын арбитрын шүүхэд бол дуугаар хөрвүүлдэг систем нэвтрүүлсэн туршлагууд байна. Нийгмийн хариуцлагын үүднээс “Чимэгэ систем”-ийг шүүхэд нэвтрүүлж, шүүхийн ил тод нээлттэй байдлыг хангахад хувь нэмрээ оруулах сонирхолтой байгаа” гэв. Тэрээр “Чимэгэ систем”-ийг танилцуулж, монгол хэлний дуу яриаг хэрхэн бичвэр болгон хувиргаж байгааг сонирхуулжээ.


Харин ШЕЗ-ийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар компанийн удирдлагуудад хандан хэлэхдээ эхний ээлжинд нийслэлийн ачаалал ихтэй зарим шүүхэд шүүх хуралдааны нарийн бичиг, шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөхөд энэхүү системийг туршилтын журмаар ашиглах санал тавьсан байна. “Чимэгэ” ХХК-ийн удирдлагууд энэхүү саналыг хүлээн авч, ойрын хугацаанд “Чимэгэ систем”-ийг шүүхэд туршилтын журмаар нэвтрүүлэх тохиролцоонд хүрчээ.


Энэхүү уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэрьяа, Шүүхийн мэдээллийн технологи, хэргийн хөдөлгөөний удирдлагын хэлтсийн дарга Э.Амарсанаа болон “Болорсофт” ХХК-ийн үүсгэн байгуулагч С.Бадрал, тус компанийн зөвлөх Н.Болдхүү, менежер Б.Золжаргал нар оролцсон юм.

相关新闻