Байгалийн нөхөн сэргээлтэд үнсийг ашиглаж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
sodonizm@gmail.com
2020-10-08 11:53:45

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жилийн дөрвөн улиралд баруун хойд зүгийн салхи зонхилдог манай орны хувьд дулааны цахилгаан станцаас гарч байгаа үнсийг задгай үнсэн санд хаяж, хадгалах нь Улаанбаатар хотын агаар, хөрсний бохирдлыг нэмэгдүүлэх нэг шалтгаан болсоор байгаа юм.


Тэгвэл Налайх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт бичил уурхайн улмаас ухаж эвдсэн 1 га талбай дахь ам цооногуудыг “Амгалан” дулааны цахилгаан станцаас гарсан 180 м3 үнсээр дүүргэж загвар нөхөн сэргээлт хийжээ. 


Энэ ажлыг нийслэлийн Байгаль орчны газар болон нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын хамтран баталсан “Дүйцүүлэн хамгааллын хүрээнд аж ахуйн нэгжүүдийн хөрөнгөөр энэ онд хэрэгжүүлэх ажил”-ын төлөвлөгөөний дагуу газрын хэвлийн мэргэжлийн байгууллагын эрх бүхий “Эм ди юу” ХХК хийж гүйцэтгэсэн байна.


Тухайлбал зөвхөн “ДЦС-4” ТӨХК нь жилд дунджаар 3.6 тэрбум кВт.цаг цахилгаан эрчим хүч, 3500 мян.Гкал орчим дулааны эрчим хүч үйлдвэрлэхдээ 3.2 сая.тн орчим нүүрс түлж, 300.000 тн үнс ялгаруулж байна.


Өнөөгийн байдлаар жилд ялгардаг нийт үнсний 3.5 хувийг барилгын материалын зориулалтаар ашиглаж байна. Цахилгаан шүүлтүүрээр ялгасан үнсийг 100 хувь хуурайгаар авч эко үйлдвэрлэл явуулах боломж байгаа хэдий ч бүх дулааны цахилгаан станцууд цахилгаан шүүлтүүрээр хангагдаагүй, мөн улирлын чанартай үнс ашиглах, хадгалахад хүндрэлтэй асуудлууд байсаар байгаа тул дүүргэгч болгож нөхөн сэргээлтэд ашиглах нь байгальд ээлтэй шийдэл болно.

 

 

相关新闻