МОНГОЛ ШУУДАН ДЭЛХИЙН БҮХ ОРНУУДТАЙ МӨНГӨН ГУЙВУУЛГА ХИЙХИЙГ ЗОРЬЖ БАЙНА

ТОЙМ
erdenebat@montsame.mn
2020-10-09 14:55:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Шуудан хүргэх дамжуулах  тухай ойлголт шинэ техник, технологийн дагуу хувьсан өөрчлөгдөж байна. Гэхдээ нэг хүнээс нөгөө рүү мэдээлэл дамжуулах үндсэн үүрэг нь огт өөрчлөгдсөнгүй. Хүргэлт орон зайн дамжуулалтын хувьд асар их өөрчлөгджээ. Одоо шуудангийн үйлчилгээ нь хүргэлт, холболт, лавлагаа гээд олон төрөлтэй болж. “Монгол шуудан”, “Мэдээлэл холбооны сүлжээ” компаниуд хамтран “Хур” системээр олон төрлийн лавлагаа, мэдээллийг иргэдэд хүргэн үйлчилж байна. “Ард кредит” ББСБ-тай хамтран “Монгол шуудан” компани  олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ иргэдэд үзүүлэх боломжтой болжээ. Энэ үйлчилгээний нээлт 10 дугаар сарын 2-нд болсон аж.

Шуудангийн байгууллага дангаараа олон улсын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхлэх эрх зүйн орчин манай улсад бүрдээгүй бололтой. Ийм учраас “Монгол шуудан” компани  дээрх байгууллагатай хамтарчээ.


Энэ нь 400 мянган салбартай дэлхийн санхүүгийн “Eurogro” байгууллагын системд холбогдон Postalpay шуудангийн мөнгөн гуйвуулгын үйлчилгээг Монгол улсад нэвтрүүлэх эхний  алхам болсон гэж мэргэжилтнүүд тайлбарлаж байна. “Монгол шуудан” компаний захирал Б. Анхбаатар “Эхний ээлжинд БНСУ-тай хоёр талын мөнгөн гуйвуулгын үйлчилгээг нэвтрүүлсэн. Тус  улсаас 20 мянган ам.доллар хүртэлх мөнгөн гуйвуулга хийх боломжтой. БНСУ руу шилжүүлэг хийхдээ 5000 ам.доллар хүртэлх гүйлгээ хийнэ. Энэ хэмжээний мөнгөн гуйвуулга буюу 50-60 сая төгрөг шилжүүлэхэд 12000 төгрөгийн шимтгэлтэй.  Англи, АНУ, Австрали гэх мэт улсаас мөнгө гуйвуулгын салбар агентууд дээр очоод манай улс руу мөнгөө шилжүүлэх бүрэн боломжтой. Үүнийг нэг талын үйлчилгээ гэж нэрлэдэг. Энэ үйлчилгээнд өнөөдрийн байдлаар Европын холбооны 40-өөд орон багтана. Тухайн төрлийн  үйлчилгээг 2021 онд бусад улс орнуудтай хамтран нэвтрүүлэх бүрэн боломжтой” хэмээн ярьсан байна. Дэлхийн шуудангийн байгууллага (UPU) 198 гишүүн оронтой. Түүний 90 орчим хувь нь санхүүгийн мөнгөн гуйвуулгын үйлчилгээ эрхэлдэг аж. " Монгол шуудан" компани тэдний эгнээнд шилжиж байгаа нь энэ.


Дэлхийн шуудангийн байгууллага нь 1874 оны 10-р сарын 9-ний энэ өдөр Берний хэлэлцээрт гарын үсэг зурснаар General Postal Union нэртэйгээр байгуулагджээ. Түүнээс хойш 4 жилийн дараа Universal Postal Union гэсэн одоогийн нэрээрээ нэрлэгдэн үйл ажиллагаагаа явуулж байна. Токио хотноо 1969 онд хуралдсан Дэлхийн шуудангийн конгрессоос жил бүрийн 10-р сарын 9-ний энэ өдрийг Дэлхийн Шуудангийн өдөр болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн билээ.


“Монгол шуудан” компанийн олон улсын мөнгөн гуйвуулгын дээрх шинэ төрлийн үйлчилгээ нь манай шууданчдаас дэлхийн өдөрт барьсан бэлэг болсон байна.

相关新闻