Монголын Үндэсний музейн сан хөмрөгөөс: Ноён хөлт магнаг дээл

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2020-11-24 16:54:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Үндэсний музейн алтан сан хөмрөгт хадгалж буй, ховор нандин үзмэрийн нэг нь XVII-XX зууны эхэн үеийн Монголын уламжлалт хувцас Ноён хөлт магнаг дээл юм.

 

XVII зууны үеэс Манж Дайчин улс нь Монгол, Хятад зэрэг орныг эрх нөлөөндөө оруулан тэдгээр орны иргэдэд өөрийн угсаатны хувцасны хэв маягийг дэлгэрүүлсэн байна. Чин улсын албаны хувцас нь хуанди, хунтайж, гүнж, ван гүнгүүдийн хувцаснаас гадна иргэний гэж ялгардаг байжээ. Ван гүнгүүдийн нэгэн адилаар Монголын тайж түшмэдийн зэрэг дэвийн хувцасны хэв маягийг тогтоосон байна. Чин улсын үеийн ноёдын хэргэм зэргийг тодорхойлох гол шинж тэмдэг нь лууны дүрс байжээ. Манж Чин улсын хувцасны загвар Монголд нэвтэрсэн нь Хятадад дэлгэрснээс нэлээд өвөрмөц юм.

Монгол хувцас нь Манж зүрчидийн хувцастай төстэй ч, нөгөө талаар монголчууд эрт үед Хятад оронд ноёрхлоо тогтоож байхдаа өөрсдийн хувцасны хууль гарган уугуул монгол хувцасны загвараа хадгалж иржээ. Гагцхүү ноёд түшмэдийн зэрэг дэвийн хувцас л манж ёсны дагуу нэлээд өөрчлөгджээ.

Богд хаант Монгол Улсын үеэс эхлэн Ар Монголын ноёд түшмэд, тушаалтан лам нарын ёслолын хувцас болон цэргийн дүрэмт хувцсыг “Зарлигаар тогтоосон Монгол улсын хуулиар” тогтоосон байна. Энэ үеийн ноёд түшмэдийн ёслолын хувцасны зэрэг дэвийн тэмдэг, ямбаны хэрэгсэл нь Манжийн үеийнхээс нэлээд өөр болсны дээр лам түшмэдийн албаны хувцасны маяг шинээр буй болжээ. Ноёд түшмэдийн хувцасны зэрэг дэвийн ялгаа нь малгай, жинс, отго, хэргэмийн фүс зэргээс харагддаг.

 

 

相关新闻