Хүзүүвчтэй халиун буга 20 хоногт 480 км зам туулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн Хөхтний экологийн лабораторийн хамт олон Хустайн нуруу, Тарвагатайн нурууны байгалийн цогцолбор газрын хамгаалалтын захиргаатай хамтран халиун бугын шилжилт хөдөлгөөн, нүүдлийн коридор, холбоос нутгийг илрүүлэх судалгааг 2019-2020 онд хийжээ.
Судалгааны хүрээнд унтуулах, тор татах аргаар Тарвагатайн нурууны БЦГ-т 4 халиун буга, Хустайн нурууны БЦГ-т 6 халиун буга барьж сансрын дохиолол бүхий хүзүүвч зүүв.
Сансрын дохиолол бүхий нэг хүзүүвч нь өдөрт 6 цэгэн мэдээлэл
дамжуулдаг. Төсөл хэрэгжих
хугацаанд нийт 12,500 гаруй цэгэн байршил илрүүлжээ.
Халиун бугын хоногийн шилжилт хөдөлгөөн дунджаар Хустайн нурууны БЦГ-т 484-508м, Тарвагатайн нурууны БЦГ-т 419-485 м, эзэмшил нутгийн хэмжээ 144-242 км2, 36-51 км2 талбайг эзэлж байв.
Сонирхуулахад, Тарвагатайн нуруунд
хүзүүвчилсэн халиун буга Тэрхийн цагаан нуурын зах орж, буцаад Тарвагатайн гол нурууг дамнан
урагш Их Богд уул руу Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл, Отгон, Баянхонгор
аймгийн Баянбулаг, Гурванбулаг, Хүрээмарал, Бууцагаан, Баацагаан зэрэг сумыг
дайран өнгөрч 20 хоногийн хугацаанд 480 км зам туулан Жинст сумын нутагт очсон
байв.
Төслийн хугацаа дууссан ч сансрын дохиолол бүхий хүзүүвчтэй буганууд цэгэн байрлалаа дамжуулсаар байгаа аж. ХБНГУ-ын Сэргээн босголт, зээлийн банкны санхүүжилтээр энэ судалгааг хийжээ.