Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын олон улсын өдөр тохиож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2020-12-12 10:40:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтын олон улсын өдөр өнөөдөр тохиож байна. Тодруулбал, жил бүрийн 12 дугаар сарын 12-ныг Бүх нийтийг эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээнд хамруулах НҮБ-ын албан ёсны тэмдэглэлт өдөр болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг энэ жил дэлхий нийтэд "COVID-19"-ийн цар тахлыг даван туулж, илүү аюулгүй, эрүүл ирээдүйн төлөө!" болон "Эрүүл мэндийн тогтолцоонд яг одоо хөрөнгө оруулж, хүн бүрийг хамгаалъя!" гэсэн уриан дор тэмдэглэж байна 


Энэ өдөр тогтвортой, тэгш боломжийг хангасан, хөрвөх чадвар бүхий эрүүл мэндийн тогтолцоог олон улсад бий болгон Бүх нийтийг эрүүл мэндийн үйлчилгээ, үзлэгт хамрах хэрэгцээ шаардлагыг онцлон авч үзэж, мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэхийг зорьдог. Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт  нь хүн бүр хаана ч байсан эрүүл мэндийн нэн шаардлагатай, чанартай тусламж үйлчилгээг санхүүгийн хүндрэл бэрхшээлгүйгээр авах боломжтой байх ёстой гэсэн зарчимд суурилдаг. 


Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан энэ өдрийг Монгол Улсын хувьд нийгмийн эрүүл мэндийг чухалчилж байгааг онцолж, “Эрүүл мэндийн салбарт нэлээдгүй өөрчлөлт, шинэчлэлийг хийхээр төлөвлөн, иргэдэд хүргэх тусламж үйлчилгээний  чанар, хүртээмжийг сайжруулахад чиглэсэн олон ажлыг  хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд:

  • нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжих, 
  • эрүүл мэндийн байгууллагуудыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх, 
  • бүх хүн амд хүрсэн тусламж үйлчилгээг дэмжих, 
  • хөнгөлттэй эмийг олгох журмыг өөрчилж, хуулинд өөрчлөлт оруулах, 
  • илүү олон даатгуулагчийг хамруулах боломжийг бүрдүүлэх зэрэг ажлыг эхлүүлэн ажиллаж байгааг дуулгаж байна.  


Эрүүл мэндийн суурь тусламж үйлчилгээнээс нэг ч иргэн хүнийг орхигдуулах ёсгүй гэдгийг Монгол Улс дахь НҮБ-ын суурин зохицуулагч Тапан Мишра хэлж байна. ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др Сергей Диордица бүх хамтрагч байгууллага, талуудыг амьдралын шинэ хэв маяг, илүү сайхан ирээдүйг бүтээхийн төлөө хамтран ажиллахыг уриалан, Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтыг хүртгэж, хүргэхэд Монгол Улс томоохон ахиц дэвшил гарган ажиллаж байгааг сайшааж, "COVID-19"-тэй холбоотой өнөөгийн тулгараад байгаа бэрхшээл саадыг амжилттай даван туулж, хүчтэй удирдлага, хариуцлага, эв санааны нэгдлээр бүх нийтийг эрүүл мэндийн үзлэг, үйлчилгээ, шинжилгээнд хамруулах ахиц дэвшлийг хурдасгах болно гэдэгт итгэж байгаагаа илэрхийлж байна.


相关新闻