Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг хийж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Говь-Алтай аймгийн Онцгой байдлын газраас гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг шалгалтыг хийж байна.
Засгийн газрын шийдвэрийн дагуу төрөөс цахилгааны төлбөрийг тэглэсэнтэй холбогдуулан энэхүү ажлыг өрнүүлж байгаа аж. Тодруулбал, тус аймгийн Засаг даргын 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн А/676 захирамж, Онцгой байдлын газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн баталсан удирдамжийн дагуу болзошгүй галын аюулаас урьдчилан сэргийлэх, айл өрхөд нэмэлт дулааны эх үүсвэр хэрэглэж байгаа эсэхэд хяналт тавих зорилгоор Есөнбулаг сумын Харзат багийн нийт айл өрхүүдэд “Гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх үзлэг, шалгалтыг зохион байгуулжээ. Түүнчлэн үзлэг, шалгалтын үеэр иргэдэд “Маскаа зүүе-Гараа угаая”, “Яндангаа хөөлье” аяны гарын авлага, зөвлөмжийг 420 айл өрхийн 2240 иргэнд хүргэж ажилласан гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.