Судалгаагаар 5 хүн тутмын 4 нь вакциныг үнэ төлбөргүй хийлгэх хүсэлтэй байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2021-01-18 15:11:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ҮСХ-ноос "COVID-19"-ийн халдварын нийгэм дэх нөлөөллийг тодорхойлох судалгааг өрхөд суурилан хийж байна. Дэлхийн банктай хамтран хийж буй уг судалгааны гурав дахь шатны дүн өнөөдөр гарсныг танилцуулав.


Судалгаанд оролцогчдын 80 хувь нь вакциныг үнэ төлбөргүй хийлгэх, 61 хувь нь төлбөртэй байсан ч хийлгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ. Судалгаагаар коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх арга хэмжээний талаарх хүн амын мэдлэг харьцангуй өндөр байгаа нь гарч,  судалгаанд хамрагдсан 5 хүн тутмын 4 нь "COVID-19"-ийн эсрэг баталгаатай вакциныг үнэ төлбөргүй хийлгэх хүсэлтэй байгаа нь гарчээ. 


"COVID-19"-ийн эсрэг баталгаатай вакциныг хийлгэх хүсэлтээ илэрхийлсэн хотын хүн амтай харьцуулахад, хөдөө орон нутгийн хүмүүс илүү олон байна. Амьжиргааны түвшин доогуур өрхийн иргэдийн 86 хувь нь вакциныг үнэ төлбөргүй хийлгэх хүсэлтэй байна. Судалгаанд хамрагдсан иргэд 25.000 орчим төгрөгийг вакцин хийлгэхэд зарцуулж чадна гэж хариулжээ.




Улаанбаатар хотод амьдардаг иргэд вакцин тариулахад арай илүү мөнгө зарцуулах боломжтой гээд үүнд 27.000-30.000 төгрөгөөр хийлгэнэ гэсэн байна.  Харин хөдөө орон нутгийн болон ядуу өрхийн иргэд их мөнгө зарцуулах боломжгүй (19.000-20.000 төгрөг байх боломжтой) гэж хариулжээ. 


"COVID-19"-ийн нөлөөллийг тодорхойлох судалгааг нийслэл Улаанбаатар хот болон зарим аймаг, сумын төвийг төлөөлүүлэн 1147 өрхийн мэдээлэлд үндэслэн гаргажээ. Судалгаатай энд орж танилцана уу. 


相关新闻