Тусгаарлан ажиглах байр дотроо 3 бүсэд хуваагддаг
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. "COVID-19" халдварын дотоодын хавьтал болон гадаад орнуудаас ирсэн иргэдээ байрлуулдаг тусгаарлан ажиглах байрыг хэрхэн зохион байгуулж ажилладаг талаар УОК-ын Шуурхай штабын дарга Б.Ууганбаяр мэдээллээ.
Тусгаарлан ажиглах байр дотроо ногоон, улаан, шар гэсэн 3 бүсэд хуваагддаг байна. Үүнээс ногоон бүсэд ихэвчлэн хоол үйлдвэрлэл явагдаж энэ бүсийг тусгаарлан ажиглах байрыг ашиглуулж буй ААН хариуцдаг байна.
Шар нь улаан бүсээс дамжин ногоон бүс рүү шилжих үеийн завсрын бүс юм. Энэ нь улаан бүсэд ажилласан алба хаагчид ногоон бүс рүү шилжихийн өмнө халдвар хамгааллын дэглэмийг сахиж, халдваргүйтгэл хийдэг байна. Улаан бүсэд ажиглалтад байгаа иргэд, тэнд үүрэг гүйцэтгэж буй онцгой байдлын болон эрүүл мэндийн эмч ажилтнууд ажилладаг.
Тэгвэл тусгаарлан ажиглах байрны ажилтнууд ямар үүрэгтэй байдаг вэ гэвэл, резидент эмч нь эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлдэг. Түүнчлэн нь хоол түгээх ажлыг зохион байгуулдаг аж.
Онцгой байдлын алба хаагч нь тусгаарлан ажиглах байрны дотоод аюулгүй байдлыг сахиулахын зэрэгцээ, резидент эмчид дэмжлэг үзүүлэх чиглэлээр үүрэг гүйцэтгэдэг байна.
Харин цагдаагийн байгууллагын ажилтнууд нь бүхэлдээ аюулгүй байдлыг хангуулан, харуул хамгаалалтыг зохион байгуулж, гарсан зөрчлийг арилгуулах үүргийг гүйцэтгэдэг аж.
Нийслэл Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 29 тусгаарлан ажиглах байранд онцгой байдал, эрүүл мэнд, цагдаагийн нийт 258 алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Тусгаарлах байранд дэглэм сахиж байгаа эсэхийг тагнуулын байгууллага камераар хянаж буйг тэрбээр мөн дурдав.