Сүхбаатар дүүргийн эмнэлэгт дохионы хэлмэрч ажиллаж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд онлайнаар дохионы хэлмэрч ажиллаж эхэллээ. Тодруулбал, сонсголын бэрхшээлтэй эхчүүд, эмэгтэйчүүдэд жирэмсэний хяналтад орох, биед зовиур илэрсэн үед зайлшгүй хүн дагуулж эмнэлэг явах шаардлагатай байдаг. Тэгвэл одоо тэд эмнэлэгтээ цахимаар бүртгүүлж, онлайнаар болон дохионы хэлмэрчээр дамжуулан эмч, эмнэлгийн ажилтнуудтай харилцдаг болж байна.
Эмч нарын хувьд дохионы хэллэгийг тэр бүр мэддэггүйгээс эмэгтэйчүүдэд үйлчлэхэд хүндрэлтэй, мөн сонсголын бэрхшээлтэй эхчүүд өвчин зовиураа хэлж чаддаггүйгээс цаг заваа үрж, эмчлүүлэх, эмнэлгийн үйлчилгээ авахад харилцааны хэцүү байдалтай байсныг ийнхүү халж байна.
Энэ үйл ажилллагаа дүүргийн Эрүүл мэндийн төвийн Эх, хүүхдийн клиникийн тасагт эхэлжээ. Ингэснээр сонсголын бэрхшээлтэй эхчүүд харилцааны хүндрэлгүйгээр, хүртээмжтэй үйлчлүүлэх боломжтой боллоо. Энэхүү үйл ажиллагааг "Монголын Сонсголгүй эмэгтэйчүүдийн бие даан амьдрах төв" ТББ санаачилан хэрэгжүүлж байна. Тус төв Канад сангийн дэмжлэгтэйгээр дээрх үйл ажиллагааг өргөжүүлэн ажиллах юм.
Сүхбаатар дүүрэгт сонсголын бэрхшээлтэй 1 мянга гаруй иргэд байгаагаас 500 гаруй нь эмэгтэйчүүд аж.