Говийн бүсэд усны судалгаа, шинжилгээний төв байгуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2021-02-02 14:43:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Усны судалгаа, шинжилгээний төв байгуулах ТЭЗҮ-ийг ШУА-ийн Газар зүй, геоэкологийн хүрээлэн, Ус сувгийн удирдах газар, Геологийн төв лаборатори зэрэг 10 гаруй мэргэжлийн байгууллагын мэргэжилтэн, судлаачид хамтран боловсруулж байна.

Ийм төв байгуулснаар уул уурхайн үйл ажиллагаа төвлөрдөг говийн бүсэд газар доорх усны судалгаа, шинжилгээ, хяналтыг сайжруулах зорилготой аж. Тодруулбал, Өмнөговь, Дундговь, Дорноговь аймгийн 350 мянган га талбайн усны нөөцийг хянах аж.

Урт хугацаанд 5 аймаг, 3 сав газрын 544 мянга орчим га газрыг хамруулахаар төлөвлөжээ. Түүнчлэн сав газрын усны нэгдсэн менежментийн төлөвлөгөө, аймаг, бүс нутгийн хөгжлийн хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүнг сайжруулахад хувь нэмэр болох аж. 



Усны судалгаа шинжилгээний төвийн барилгын ажлыг 2021 онд эхлүүлж, 2022 онд багтаан ашиглалтад орох юм. Шаардагдах хөрөнгийг орон нутгийн төсөвт хуримтлуулдаг ус, рашаан ашигласны төлбөрөөр шийдэх боломжтой гэж үзжээ. 


相关新闻