Япон газар хөдлөлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэнэ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
ТОКИО. /TASS/. Японд тус улсын зүүн хойд эрэг орчимд 10 жилийн өмнө болсон газар хөдлөлт, цунамид өртөж, амиа алдсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх ёслол пүрэв гарагт болно.
Токио хотын Үндэсний театрт болох гол арга хэмжээнд Ерөнхий сайд Сүга Ёшихидэ, эзэн хаан Нарухито, хатан хаан Масако нар оролцож, цар тахал дэгдсэнээс хойш анх удаа хамтдаа олны өмнө гарч ирэх аж. Арга хэмжээнд оролцогчид орон нутгийн цагаар 14:46 цагт уламжлал ёсоор нэг минут дуугаа хураах юм. Учир нь 2011 оны 3 дугаар сарын 11-нд энэ цаг мөчид Мияги мужид 9.0 магнитудын хүчтэй газар хөдлөлт бүртгэгдэж байжээ.
Ёслолын арга хэмжээнд нийт 220 мянга орчим хүн хүрэлцэн ирэхээр болсон нь ердийн хэмжээнээс дөрөв дахин бага үзүүлэлт юм. Өнгөрсөн онд энэ арга хэмжээг коронавирусний нөхцөл байдлын улмаас цуцалжээ. Нас барагсдын дурсгалыг хүндэтгэх арга хэмжээнүүд мөн тусдаа хэд хэдэн хот, сууринд болох аж.
Японд 2011 онд болсон газар хөдлөлт, цунами 8.4 мянган хүний амийг авч оджээ. Энэ гамшгийн улмаас Мияги, Иватэ, Фүкүшима мужуудад хамгийн их хохирол учирсан байна. Фүкүшима цахилгаан станцад болсон ослын хор уршигтай Япон улс өнөөг хүртэл тэмцэж байгаа юм.
Ашиглалтаас гаргах ажиллагаа
"Фүкүшима-1" станцыг ашиглалтаас гаргах ажиллагаа
одоогоор гамшигт нэрвэгдсэн бүс нутгийг сэргээх арга хэмжээний хүрээнд хийгдэж
буй гол ажлуудын нэг хэвээр байна. Олон
хүндрэл бэрхшээлийн улмаас энэ үйл явц байнга саатаж, урьдчилан тооцоолж буйгаар 2050 он гэхэд л дуусаж магадгүй байна. Гэсэн хэдий ч
одоогоор тус атомын цахилгаан станц дээр
аюулгүй
байдал шаардлагатай
түвшинд хангагджээ. Тус станцын нутаг дэвсгэрийн 90 гаруй хувьд
нь хамгаалалтын хувцасгүйгээр байрлах боломжтой аж.
Өнгөрсөн сард Токиогийн
цахилгаан эрчим хүчний (TEPCO) компанийн мэргэжилтнүүд гуравдугаар реакторын байгууламж дахь тусгай савнаас
ашиглагдсан цөмийн түлш гаргаж авах
хоёр орчим жил үргэлжилсэн ажлаа дуусгаж чадсан байна. Тэндээс
нийт 566 түлшний савааг гаргаж авсны дөрөв нь станцад гарсан ослын улмаас эвдэрч,
ноцтой хэлбэрээ алдсан байна. Бусад
реакторууд дахь ашиглагдсан цөмийн түлшийг савнуудаас гарган авахын тулд дахин
10 орчим жил шаардлагатай юм.