Хүчтэй шуурганы улмаас бүх сумын хэрэглэгчид эрчим хүчний хязгаарлалтад оржээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Хүчтэй салхи шуурганы улмаас Говь-Алтай аймгийн төвөөс бусад бүх сумын хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хязгаарлалтад орсон тухай "Алтай-Улиастайн эрчим хүчний систем" ТӨХК-аас мэдээлэв.
Өнөөдөр Говь-Алтай аймгийн нутгаар салхи баруунаас 18-20 м/с, зарим үед 26-28 м/с хүрч ширүүссэний улмаас цахилгаан дамжуулах шугамын тулгуур унах, утас тасрах гэх мэт гэмтэл гарчээ. Иймд сумдын хэрэглэгчид цахилгаан эрчим хүчний хязгаарлалтад ороод байна. Эрчим хүчний системийн гэмтэл саатлыг арилгахаар инженер, техникийн ажилчид салхины хүч намдахыг хүлээн бэлтгэл ажлаа хангаад байна. Удахгүй хэвийн ажиллагаанд орох болно хэмээн холбогдох албанаас мэдээлэв.