Засвар, тохижилтын ажлыг түргэвчлэхийг үүрэг болгов

МОНГОЛЫН МЭДЭЭ
dotood_editor@montsame.mn
2016-06-18 15:52:05

Улаанбаатар хотноо болох Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 30 дугаар хуралдаан болж, дээд түвшний уулзалтыг шууд дамжуулах телевизүүдийн талаар  болон бусад асуудал хэлэлцлээ.

АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг Европын өргөн нэвтрүүлгийн холбоо /EBU/ болон Монголын телевизүүдийн холбооны 9 телевиз шууд дамжуулан олон нийтэд хүргэнэ. Шууд нэвтрүүлэг, сурвалжлагыг АСЕМ-ын арга хэмжээ зохион байгуулах “Шангри-Ла” зочид буудал, “Чингис хаан” олон улсын нисэх буудал, “Чингисийн хүрээ” цогцолбор, “АСЕМ вилла” хотхон дахь цэгүүдээс хийх аж. Хурлыг сурвалжлах дотоодын сэтгүүлчдийг сэтгүүл зүйн мэргэжлийн холбоодоор нь дамжуулан, зөвшөөрөгдсөн квотын дагуу нэр авч бүртгэхээр ажиллаж байгаа юм.

Мөн “Шангри-Ла” зочид буудлын орчимд хоёр талын уулзалтууд болох “Гэр хотхон”-ны бүтээн байгуулалт, “Нүүдэлчдийн наадам” зохион байгуулах “Чингисийн хүрээ” цогцолборын засвар тохижилтын явцыг хэлэлцэв.

Эдгээр ажлыг шуурхайлж, төлөвлөсөн хугацаанд багтаан чанартай гүйцэтгэхийг Ерөнхий сайд, АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн дарга Ч.Сайханбилэг холбогдох хүмүүст үүрэг болгов.

相关新闻