Герман технологиор шахмал түлш үйлдвэрлэх төслийг дэмжлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-05-27 09:43:18

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан, Хот байгуулалт, Дэд бүтцийн асуудал эрхэлсэн орлогч Б.Батболд, аймгийн Иргэдийн Хурлын Төлөөлөгч Н.Чимэддорж нар өнгөрсөн пүрэв гарагт ХБНГУ-ын АТНА компанийн удирдлагатай шахмал түлшний технологийн асуудлаар онлайн уулзалт хийжээ.

Уулзалтаар АТНА компанийн захирал Шмидт: Нүүрснээс шахмал түлш үйлдвэрлэхээр зохион бүтээсэн шинэ техник, технологио танилцуулж манай аймагт хэрэгжүүлэхээр төлөвлөж буй шахмал түлшний сүүлийн үеийн үйлдвэрийн талаарх техник-эдийн засгийн үндэслэл, бизнес төлөвлөгөө, тооцоо судалгааг танилцуулсан аж.

Байгаль орчинд ээлтэй шахмал түлшний үйлдвэрийг аймагтаа барих төслийг дэмжиж буйгаа аймгийн удирдлагууд илэрхийлэн цаашдын хамтын ажиллагаа улам өргөжихийг хүслээ. Энэхүү үйлдвэр нь Шарын голын уурхайн түүхий нүүрсийг ашиглан Герман технологиор байгаль орчинд ээлтэй, чанартай шахмал түлш үйлдвэрлэж, агаарын бохирдлыг бууруулах давуу талтай ажээ. Ингэснээр Монголд шахмал түлшний Герман технологи нэвтрүүлсэн анхны аймаг болно гэж үзэж байна.

Тус үйлдвэр нь бүрэн автоматчлагдсан тоног төхөөрөмж бүхий хоёр шугамтай байх бөгөөд жилд 80.000 тонн шахмал түлш үйлдвэрлэх хүчин чадалтай аж. Ингэснээр зөвхөн Дархан хот төдийгүй зэргэлдээ аймаг, хотуудыг сайн чанарын шахмал түлшээр хангах боломж бий болно гэж аймгийн удирдлагууд үзэж байна.

相关新闻