“Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн Оролцогч талуудын 9 дүгээр бага хурал”-д өндөр дээд түвшинд оролцохыг урив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
ariunbold@montsame.gov.mn
2021-08-07 08:17:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсаас НҮБ-ын Вена дахь төвийн дэргэд суугаа Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба (МБГХТА)-ны Гүйцэтгэх захирал Гада Валитай энэ сарын 5-нд уулзаж, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.


Гүйцэтгэх захирал Гада Вали Монгол Улс нь НҮБ-ын МБГХТА-ны ажилд идэвхтэй оролцож байгаад талархаж буйгаа илэрхийлэв. Тухайлбал, Япон Улсын Киото хотноо болсон “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, эрүүгийн хариуцлагын асуудлаарх НҮБ-ын XIV конгресс”-т Хууль зүй, дотоод хэргийн сайд тэргүүтэй төлөөлөгчид цахимаар оролцсон гэдгийг онцдов. Мөн энэ оны арванхоёрдугаар сард Египет улсын Шарм-эль-Шейх хотноо болох “Авлигын эсрэг НҮБ-ын Конвенцийн Оролцогч талуудын 9 дүгээр бага хурал”-д өндөр дээд түвшинд оролцохыг урив.  


Байнгын төлөөлөгч Г.Баттунгалаг Монгол Улсын АТГ-ын мэргэжилтнүүд “Авлигын эсрэг хууль сахиулах байгууллагуудын үйл ажиллагааны дэлхий нийтийн сүлжээ” (GlobE)-г шинээр үүсгэн байгуулах ажлын багт ажиллаж байгаа ба сайн туршлагыг хуваалцах, харилцан суралцах чиглэлд анхаарч ажиллаж байгааг онцлов. Түүнчлэн НҮБ-ын МБГХТА-ны “Залуучуудын форум”-д сүүлийн гурван жил монголын залуучуудын төлөөлөл амжилттай оролцож ирснийг тэмдэглэлээ. 


Монгол Улс, НҮБ-ын МБГХТА-тай хэрэгжүүлж буй хамтын ажиллагааг цаашид цахим гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлд өргөжүүлэн хөгжүүлэх боломжийн талаар мөн санал солилцов.

相关新闻