Бурхан хулгайлсан бүлгийг илрүүлж шалгалт хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ХУУЛЬ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүгийн цагдаагийн албаны Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын Хархорин сум дахь Сум дундын цагдаагийн хэлтсийн алба хаагчид хамтран бүлэг хулгайн хэргийг илрүүлэн шалгалт хийж байна.
Тодруулбал, энэ
сарын 9-нд Өвөрхангай аймгийн цагдаагийн газарт Хархорин сум дахь хийдэд хулгай
орж, Майдар бурхан гурван ширхэг, Богд зонхов бурхан хоёр ширхэг, Өндөр гэгээн
Занабазар бурхан нэг ширхэг, нийт зургаан ширхэг бурхан алдагдсан дуудлага,
мэдээлэл ирсэн байна.
Улмаар мөрдөн
шалгах ажиллагааг цаг алдалгүй эхлүүлсэн бөгөөд шалгалтын явцад урьд өмнө
хулгайлах, дээрэмдэх гэмт хэрэгт ял шийтгэгдэж байсан Ж, Б нар нь П, Б, Т гэх
этгээдүүдийн хамт бүлэглэн үйлдсэн болохыг урьдчилсан байдлаар тогтоожээ.
Дээрх этгээдүүд
Архангай, Өвөрхангай, Завхан аймаг, нийслэлийн Сонгинохайрхан, Багануур
дүүргүүдийн нутаг дэвсгэрт байрлах хийдүүдэд хууль бусаар нэвтрэн зургаан
удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэрэг үйлдсэн болохыг нь тогтоон, гэмт хэргийн
замаар олж авсан эд зүйлсийг эртний
эдлэлийн худалдаа наймаа эрхэлдэг гэх тодотголтой иргэнд худалдаалсан болохыг
тогтоон эд мөрийн баримтаар хураан авч шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж
байна.
Дээрх этгээдүүдэд
Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт
зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтайгаар Хархорин сум
дахь Сум дундын прокурорын газарт хүргүүлжээ.
Иймд сүм хийд, аж
ахуйн нэгжүүд стандартын шаардлагад нийцсэн камержуулалт суурилуулахад анхаарч
харуул хамгаалалт, хөршийн холбоогоо сайжруулахыг цагдаагийн байгууллагаас
анхааруулж байна.