Унгар улсад монголчууд “Их хуралдай” наадам зохион байгуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Унгар улсын нийслэл Будапешт хотын ойролцоох Бугац тосгонд манай улсын ЭСЯ-наас нүүдэлчдийн уламжлалт “Их хуралдай” наадмыг “Өвөг дээдсийн өдөр” нэртэй зохион байгуулав. Нүүдэлчдийн гэдэг агуулгаар Европт хамгийн томд тооцогдсон уг наадамд тус тивийн олон улс орноос монголчууд болон бусад үндэстэн 200 мянган наадамчин оролцжээ. Энд Унгар улсын парламентын дэд дарга, Унгар улсын соёлын асуудал хариуцсан Төрийн нарийн бичгийн дарга зэрэг олон хүн хүрэлцэн ирж, Монгол соёл, өв уламжлалтай танилцжээ.
Наадмын үеэр ЭСЯ-наас монгол гэр барьж, язгуур урлагийн “Домог” хамтлаг урлагийн тоглолт үзүүлж, өв соёл, уламжлалт зан заншлаа сурталчилсан олон зүйлийг нийтэд толилуулжээ. "Их хуралдай"-г хамтран зохион байгуулсан "Домог" хамтлагийн ахлагч, морин хуурч, хөөмийч Б.Бат-Орших хэлэхдээ, "Манай хамтлаг гадаад, дотоодод болж буй наадам, олон үйл ажиллагаанд оролцож ирсэн. Европт, Унгарт ирсэн маань "Дэлхийд Монгол домог оршихуй" төсөлтэй холбоотой. Бид энэ төслийн ерөнхий ивээн тэтгэгч Унгар улсад үйл ажиллагаа явуулж байгаа "Call Dream Bana" компанитай хамтран ажиллаж байна. Өв соёлоо сурталчилан таниулж, үндэсний үйлдвэрлэлээ сурталчилан борлуулж түүнчлэн Монголын соёлын төвийг Европ-д байгуулах үндсэн гол зорилготой" хэмээн тодотголоо.
"Европынхон болон унгарчууд Монголын үндэсний өв соёлыг хэрхэн хүлээж авч байна" гэж тодруулахад, "Ер нь аливаа соёл урлаг нь арьс өнгө, шашин шүтлэг хамааралгүйгээр ойлголцдог. Манай үндэсний өв соёл нь нүүдэлчдийн өв соёлтой салшгүй холбоотой. Тоглолт үзсэн хүмүүсийн сэтгэгдлээс хуваалцахад уран тансаг, хурд хүч мэдрэгдэж, дугаралт нь дүрслэлийг үүсгэж, хүмүүний сэтгэлийг ховсдож чаддаг агуу урлаг юм гэцгээж байна. Энэ үйл ажиллагааг дэмжиж буй Унгарын "Call Dream Bana" компаний хамт олон Монголын "Эрдэнэт хивс" болон "Орд гэр" компанитай хамтран ажиллаж буйд талархаж байна гэв. "Домог" хамтлаг шинэ залуу уран бүтээлчдээр сэлгэгдэж морин хуурч, хөөмийч О.Тэлмэн, Б.Ширнэндорж, ятгач, дуучин Ч.Мягмарцэрэн нар Европт үндэсний өв соёлоо сурталчиллаа.

Унгар улс дахь "Их хуралдай" наадамчид монгол хоолоо хийж зооглохын сацуу адуу мал бүхий орчинд хүүхэд, багачууддаа Монголынхоо тухай ярьж, таниулсан өргөн хүрээтэй үйл ажиллагаа болов. Наадмын гол онцлог нь Европын Шагайн харвааны Холбоотой хамтран зохион байгуулсан " Элчин сайдын цомын төлөө" шагайн харвааны тэмцээн байв. тус тэмцээнд цэц сорихоор Австри, ХБНГУ, Швед, Чех, Франц, Унгар зэрэг улсаас 10 баг тамирчин оролцжээ.
Монгол улсаас БНУУ-д суугаа бүрэн эрхт Элчин сайд З.Батбаяр, “Өвөг дээдсээс эдүгээ цаг хүртэл уламжлан ирсэн өв соёл, уламжлал заншлаа сурталчлан, нүүдэлчин монголчуудын хойч үе одоо ч онч мэргэн, хараа хурц гэдгээ гайхуулан Бугацын талд Монгол шагайн харвааны уухай цуурайг хадаалаа. Шагайн харвааны тэмцээн хамгийн өвөрмөц, жинхэнэ нүүдэлчин өв уламжлалыг харуулж чадсанаараа онцлог байлаа. Тиймдээ ч “Жинхэнэ ёсоор өв уламжлалаа хадгалж үлдсэн ард түмэн бол монголчууд юм байна” гэсэн үгийг олон дахин сонслоо. Монгол наадгай шагайн харваа нь эв нэгдлийг бэлэгдээд зогсохгүй, өнгөрсөн ирээдүй хоёрыг өнөөдөр хэмээх их цагт нэгтгэж чаддаг нүүдэлчин монголчууд бидний их спорт юм.
Хуралдайн үеэр олон арван хүндтэй зочид хүрэлцэн ирснээс хамгийн өвөрмөц нь Унгарын ардын дууны алдартай хамтлаг болох Кошшутын шагналт “Чик зенекар” хамтлагийн гишүүд байлаа. Хамтлагийн авъяаслаг гишүүдтэй урд нь тайзан дээр хамтран уран бүтээл хийж байсан бол энэ удаад тэдэнд сарны туяанд Монгол гэр дотор уртын дууны уянгат эгшиг, морин хуурын гайхамшигт аялгууг толилуулж хорвоод хосгүй Монгол хөөмийгөөр сонорыг мялаалаа. “Зуу сонсохоор нэг үз” гэж Монгол гэрт ийм сайхан сонсогдож байгаа юм чинь Монголын тал нутагт бүр сайхан сонсогдож таараа гэж бид ярилцсаар Монгол нутагт хамтарч тоглолт хийх талаар ярилцлаа” гэв.
Мөн наадамд оролцсон хүмүүс, “Ийм наадмыг олон улсын болгож Монголдоо зохион байгуулдаг болбол гадаад орнуудаас нүүдэлчин угсааны болон бусад наадамчин олноор зорьж очих соёлын томоохон үйл ажиллагаа болох нь. Энэхүү үйл ажиллагааг өндөр ач холбогдол өгч зохион байгуулсан Элчин сайд З.Батбаярт талархаж байна. Эх орондоо харьж чадаагүй хүмүүс нутагтаа очсон мэт сэтгэл тэнийлээ” хэмээн сэтгэгдлээ илэрхийлжээ.