Л.Оюун-Эрдэнэ: Танхимын сургалтыг үргэлжлүүлж, хэвийн хэмнэлд шилжихэд тал талын хүчин чармайлт чухал байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр нийслэлийн ерөнхий боловролын 84 дүгээр сургуульд зочилж, өнөөдөр эхэлсэн Элсэлтийн ерөнхий шалгалт /ЭЕШ/-ын явцтай танилцлаа.
Монголын түүхээр өнөөдөр эхэлсэн уг шалгалт энэ сарын 22-нд Монгол хэлний шалгалтаар өндөрлөх юм. Монголын түүхийн шалгалт өгөхөөр 1696 элсэгч бүртгүүлснээс 1258 нь буюу 74.1 хувь шалгалтад орсон байна. Энэ нь ирц өмнөх оныхоос илүү байгаа үзүүлэлт аж. Тухайлбал, 84 дүгээр сургуульд гурван сургуульд 371 хүүхэд шалгалт өгөхөөс 364 нь ирсэн байна.
ЭЕШ дуустал буюу энэ сарын 22-нд элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагч нийтийн тээврээр зорчихдоо бичиг баримтаа үзүүлээд үнэ төлбөргүй зорчих боломжийг бүрдүүлсэн байна. Мөн ЭЕШ авч буй сургуулиудын ойр орчимд тээврийн цагдаагийн албаны алба хаагчид ажиллаж, замын хөдөлгөөнийг зохицуулж байгаа бөгөөд шалгалтын цагаасаа хоцрох гэж байгаа бол хүргэж өгч байгаа аж.
БШУ-ны сайд Л.Энх-Амгалан, “Энэ жил 40 420 элсэгч шалгалт өгч байна. Хэрэв бид зургаадугаар сарын 29-нөөс долоодугаар сарын 2-нд зохион байгуулсан бол коронавирусээр халдварласан болон ойрын хавьтал болж тусгаарлагдсан 5 000 гаруй элсэгч шалгалтаа өгөх боломжгүй байсан. Харин өнөөдрийн байдлаар шалгалт өгч буй элсэгчдийн 98 орчим хувь нь коронавирусний бүрэн тунг хийлгэсэн байна. Тиймээс эрсдэл үүсэхгүй гэж үзэж байгаа. Энэ жил их дээд сургуулиудад 150 мянга орчим оюутан суралцана. Өнгөрсөн хоёр жил цахимаар хичээллэсэн, мөн цар тахлын хүнд үед байгаа учраас төрийн өмчит их дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэхгүй гэсэн чиглэл өгсөн” хэмээв.
Цар тахлын улмаас тусгаарлалтад байсан, шалгалтаас хоцорсон хүүхдүүдээс ирэх сарын 2-5-нд шалгалт авах аж. Цаашдаа ЭЕШ-ыг жилд хоёр удаа авдаг тогтолцоо руу шилжихээр төлөвлөж байгаа аж. Өөрөөр хэлбэл, элсэгч сэтгэл зүй болоод хичээлийн бэлтгэлийн хувьд бэлэн болсон үедээ шалгалтаа өгдөг болох тогтолцоо руу шилжих нь зөв гэж үзсэн байна. Түүнчлэн элсэгч бүрд тэгш болгомж олгохын тулд шалгалтын гурван түвшинтэй байхаар төлөвлөж байгаа юм. Учир нь МУИС-ийн матемтатикийн ангид сурах гэж буй хүүхэд СУИС-д орох гэж буй хүүхэдтэй ижил түвшний шалгалт өгөх нь шударга бус хэмээн БШУ-ны сайд Л.Энх-Амгалан онцолж байлаа.
Их, дээд сургуулиудын хичээл ирэх сарын 13-нд эхэлнэ. Тодруулбал, ирэх сарын 1-нд ЕБС болон цэцэрлэгийн хичээлийг эхлүүлэх бөгөөд дээр дурдсан хоёр дахь ЭЕШ-ыг авсны дараа их дээд сургуулиуд элсэлтээ авч, хичээлээ эхлүүлэх аж.
ЭЕШ-ыг цар тахлын үед зохион байгуулж буй тул эрсдэлээс сэргийлэх үүднээс бүх элсэгчийн халууныг хэмжин нэвтрүүлж буй бөгөөд шалгалт зохион байгуулж буй сургууль бүрт тусгай өрөө бэлтгэсэн байна. Эдгээр өрөөнд биеийн халуун 37-оос дээш буюу халуурсан хүүхдүүдээс шинжилгээ авч байгаа аж. Мөн Боловсролын үнэлгээний төвөөс шалгалтын дүнг шууд хянах төхөөрөмж гаргасан бөгөөд элсэгч шалгалтаа өгсний дараа багш нар тус төхөөрөмжид материалыг уншуулснаар сурагч оноогоо шууд харах боломжтой аж. Ингэснээр ЭЕШ-ын материалыг засахад зарцуулдаг байсан 14 хоногийг хэмнэх боломжтой болсон байна. Мөн ЭЕШ-ын шалгуулагчид дүн оноогоо LIVE.EEC.MN цахим хаягаар шууд үзэх боломжтой юм гэдгийг боловсролын салбарын удирдлагууд Ерөнхий сайдад танилцуулж байв.
Энэ үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, “ЭЕШ өгч буй бүх сурагчдад амжилт хүсье. Цар тахлын улмаас бүх боловсролын байгууллага цахим сургалтад шилжээд байсан бол улсын хэмжээнд вакцинжуулалт 60 хувь давж, үүний дотор нийт багш, сурагчдын 90 гаруй хувийг дархлаажуулан танхимын сургалтаа нээж байгаа. Танхимын сургалтыг хэвийн үргэлжлүүлж, улмааj улс даяар хэвийн амьдралын хэмнэлд шилжихэд төр засаг болон иргэдийн хамтын хүчин чармайлт туйлын чухал. Ирэх сард хөдөө орон нутгаас олон хүн нийслэлд ирэх тул Улаанбаатар хотод дахин давалгаа үүсэж болзошгүй гэдгийг ЭМЯ, эрдэмтэд анхааруулж байгаа. Тиймээс зайлшгүй шаардлагагүй бол төвлөрөл үүсгэхгүй байхыг хүсэж байна. Хэрэв бид танхимын хичээл удаан тасрах нь 10-20 жилийн дараа боловсролын төдийгүй бусад салбарын өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлөх магадлалтай” гэлээ.
Сонирхуулахад, энэ жил ЭЕШ-ыг 40 420 элсэгч өгч байгаагаас 8 нь 50-иас дээш насны иргэн байна. Хамгийн өндөр настай нь 58 настай аж.