Олон улсын их хуралд Хустайн байгалийн цогцолборт газрын тухай илтгэл танилцуулав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн байгаль хамгаалах холбооны 26 дугаар их хурал Францын Марсель хотноо энэ сарын 3-11-нд болж, ДБХХ-ны гишүүн, Хустайн цогцолборт төв ТББ-ын захирал Ц.Дашпүрэв Хустайн байгалийн цогцолборт газар болон тахь нутагшуулж буй тухай илтгэлийг танилцуулжээ.
Байгальдаа устаад байсан тахийг сэргээн нутагшуулах үйлсийг Монгол
Улс амжилттай хэрэгжүүлэн, Хустайн байгалийн цогцолборт газар, Их Говийн дархан цаазтай газрын
“Б” хэсэг, Хомын талын байгалийн цогцолборт газарт нутагшуулж буй тахийн тоо
800 гаруй боллоо. Энэ нь Монгол
Улсаас дэлхийн байгаль хамгаалах үйлсэд оруулж буй дорвитой ажлын нэг юм.
Тус хурлаар ДБХХ-ны 2024 он хүртэлх ажлын ерөнхий төлөвлөгөөг батлан, Марселийн тунхаг бичгийг гаргажээ. Үүнд залуус, эмэгтэйчүүдийн оролцоог идэвхжүүлэх, уугуул иргэдийн эрх ашгийг хамгаалахад анхаарч байна. Мөн хөдөө аж ахуйг зохистой хөгжүүлэх, цар тахлын улмаас байгаль орчныг хамгаалах санхүүжилт хүнд байгаад Засгийн газрууд, донор байгууллагууд илүү анхаарахыг уриалан хамтран ажиллахаар болж байна.
Дэлхийн байгаль
хамгаалах холбоо нь 160 гаруй улсын байгаль хамгааллын чиглэлээр үйл
ажиллагаа явуулдаг 211 яам, агентлаг, 1200 гаруй ТББ, 18 000 гаруй шинжээчийг эгнээндээ нэгтгэсэн дэлхийн хамгийн том
байгаль хамгаалах байгууллага юм. Дэлхийн
байгаль хамгаалах бодлогыг тодорхойлоход голлох үүрэг гүйцэтгэдэг бөгөөд НҮБ-ын Ерөнхий ассамблейд
ажиглагчийн статустай, олон улсын ТББ аж.
Франц Улсын Ерөнхийлөгч Эммануэл Макрон нээлтийн үеэр өөрийн орны байгаль хамгаалах
бодлого, ач холбогдлыг
танилцуулж, дэлхийн байгаль хамгаалах үйлсэд манлайлан оролцохоо илэрхийлсэн байна. Хуралд олон улсын нэр хүндтэй хүмүүс оролцож байгаль хамгаалахын үнэ
цэн, ач холбогдлын талаар санал бодлоо хуваалцан, оройтоогүй дээрээ бид хийж эхлэх ёстойг уриаллаа.
Мөн энэ үеэр ээлжит сонгууль болж, Биологийн төрөл зүйлийг хамгаалах Мохамед
бин Зайд сан, Абу Дабигийн
байгаль хамгаалах агентлагийн гүйцэтгэх захирал хатагтай Разан Ал Мубарак тус
холбооны ерөнхийлөгчөөр сонгогдов. Тэрээр
73 жилийн түүхтэй байгаль хамгаалах дэлхийн байгууллагын тэргүүнээр сонгогдсон
хоёр дахь эмэгтэй, Арабын ертөнцөөс уг байгууллагыг тэргүүлэх анхны эмэгтэй
болж байна.