Баянзүрх дүүргийн 4 байршилд 200 мянган мод тарьж төгөл байгуулжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл, дүүргийн төлөөлөгчид, төрийн албан хаагчид хамтран дүүргийн 11, 20, 23 дугаар хороон дахь 4 байршлын 143.2 га талбайд 200 мянга гаруй мод, бут тарьж ургуулж байна.
Модыг
зөвхөн тариад орхих биш сар бүр усалж тордож байх нь чухал. Тиймээс
"УИХ-ын гишүүдийн төгөл", "НИТХ-ын төгөл", "Баянзүрх
дүүргийн ИТХ-ын төгөл", "Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын
төгөл" гэх мэтээр нэрэлж, тарьсан модоо эргээд усалж байх хариуцсан эзэдтэй болголоо.
Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ, “Дүүргийн даргын хувьд иргэдээ эрүүл, аюулгүй тав тухтай орчинд амьдарч, ажиллуулах зарчим барьж байгаа. Энэ нь дүүргийн алсалсан хорооны сул шороо ихтэй газруудад мод тарьж төгөл бий болгох явдал юм. Харин дүүргийн төв орчимд зөвшөөрөлгүй барьсан гарааш, хашаа, хайсыг буулгаж иргэддээ ээлтэй ногоон байгууламжийг бий болгохоор зорьж байна. Бусад дүүрэг, аймаг, сумдын удирдлага, иргэдийг ч мөн адил өөрсдийн амьдарч, ажиллаж буй орчиндоо ногоон байгууламж, төгөл барихыг уриалж байна” гэв.