Ойрын өдрүүдэд цаг агаар тогтуун байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ойрын хоёр хоногтоо ихэнх нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө дулаарна гэж Цаг уур, орчны шинжилгээний газраас мэдээлэв.
2021 оны 10 дугаар сарын 6-10-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв танилцуулж байна. Энэ
сарын 6-нд Монгол-Алтай,
Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй хур тунадас, 7-нд
баруун аймгуудын ихэнх, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 8-нд баруун
болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн баруун, зүүн
аймгуудын нутгийн хойд хэсгээр, 9-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг,
говийн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга
шуурна. Салхи 6, 7-нд Алтайн уулархаг нутгаар, 8-нд ихэнх нутгаар, 9-нд нутгийн
зүүн хагаст түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим,
Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 3-8 градус
дулаан, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8
градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө
2-7 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус
хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 9-14 градус дулаан байна. 8-нд нутгийн баруун
хэсгээр, 9-нд ихэнх нутгаар хүйтэрнэ.