Вакцины хос тунг хийлгэснээс хойш 14 хоногийн дараа эсрэг бие өндөр түвшинд үүсэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-10-08 11:48:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавирусний эсрэг дархлаажуулалтын нэг, хоёрдугаар тун болон дархлаа сэргээх нэмэлт тунгийн талаарх судалгаа хийж байна. Энэхүү судалгааг АШУҮИС, ХӨСҮТ болон нэгдсэн эмнэлгүүдэд хийсэн. Ингэхдээ олон улсын судалгааг ишлэл болгон ашиглаж байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцлов.


Тэрбээр, “Тухайлбал, Монгол Улс сайн дурын үндсэн дээр коронавирусний эсрэг дөрвөн төрлийн вакцин хийж байна. Үүний дараа SARS-CoV-2 вирусний эсрэг дархлаа өрнүүлэх чадамж бүх төрлийн вакцины эсрэг хангалттай хэмжээнд үүсэж байгаа. Дөрвөн төрлийн вакцины хос тунгаа хийлгэснээс хойш 14 хоногийн дараа эсрэг биеийн титр хамгийн өндөр түвшинд тодорхойлогдож байна. Ингээд тодорхой хугацаа өнгөрөхөд сар сараар эсрэг биеийн титр багасдаг учраас дархлаа сэргээх нэмэлт тунг хийж байгаа. Одоогоор “Вероселл” болон “Файзер”-ын гэсэн хоёр төрлийн вакцинаас дархлаа сэргээх гурав дахь тунг хийж байгаа” гэв.


Мөн тэрбээр өндөр настай, архаг суурь өвчтэй хүмүүсээ гурав дахь тунгийн дархлаажуулалтад идэвхтэй хамруулах чиглэл барьж байна. Түүнчлэн стратегийн ач холбогдол бүхий онцгой обьект, хил гааль, цэргийн анги нэгтгэл зэрэг байгууллагад ажиллаж байгаа хүмүүсээ идэвхтэй хамруулахыг зорьж байгааг тодотгосон юм. 

相关新闻