Багануур дүүрэгт 50 ортой төрөх эмнэлэг үйл ажиллагаагаа эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багануур дүүрэгт 50 ортой төрөх эмнэлгийн барилга ашиглалтад оруулж, Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг өнөөдрөөс албан ёсоор үзүүлж эхэллээ.
Эрүүл мэндийн төвийн төрөх тасаг 1978 онд анх байгуулагдаж байсан түүхтэй. Өдгөө төрөх тасгийг зориулалтын тусдаа байртай, орчин үеийн тоног төхөөрөмжтэй төрөх эмнэлэг болон өргөжүүлж буй юм.
Улсын төсвийн 2.4 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар “Өгөөмөр баян дэнж” ХХК-ийн барьсан тус төрөх эмнэлгийг өнгөрсөн 6 сарын хугацаанд коронавируст халдвартай нэн хүнд болон хүнд өвчтөнийг хэвтүүлэн эмчлэх байр болгон ашиглаж байсан юм. Тэгвэл өнөөдрөөс ийнхүү зориулалтын дагуу ашиглаж эхэлснээр төрөх, эмгэг нярай, жирэмсний хяналт, эмэгтэйчүүдийн үзлэг оношилгоо, шинжилгээг нэг дор үзүүлэх боломж бүрдлээ. Төрөх тасагт жилд дүүрэг болон ойрын сумдын 700 орчим эх төрдөг байна.
Эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ гэдэг эрүүл мэндийн салбарын нэн чухал хэсэг байдаг. Ялангуяа цар тахлын энэ эгзэгтэй цаг үед халдвартай жирэмсэн эхчүүд хүндрэх эрсдэл их байгаа учраас эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг илүү чанартай бөгөөд хүртээмжтэй болгож, шинэ шатанд гаргахын төлөө Шадар сайдын хувьд, тойргоос сонгогдсон гишүүний хувьд анхаарч ажиллахаа С.Амарсайхан гишүүн нээлтийн үеэр илэрхийллээ.
Түүнчлэн Эрүүл мэндийн сайд С.Энхболд Шинэ төрөх байрны хагалгааны өрөөний иж бүрэн тоног төхөөрөмж, диализийн аппаратт, 20 ор, эмэгтэйчүүдийн үзлэгийн ор зэрэг нийт 1.4 тэрбум төгрөгийн асуудлыг шийдвэрлэн ажиллахаа илэрхийлэхийн зэрэгцээ 5 хүчилтөрөгчийн аппарат, 1000 ширхэг түргэн оношлуур гардуулав.