Филиппинд хар салхины улмаас амиа алдсан хүний тоо нэмэгджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
БАНГКОК. /TASS/. Өнгөрсөн өдрүүдэд Филиппиний Лусон арлын хойд хэсгийг дайрсан “Maring” (“Kompasu”) хар салхины улмаас амиа алдсан хүний тоо 30 -д хүрчээ.
Филиппиний Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдах төрийн зөвлөлөөс мэдээлснээр, гурван хүн гэмтэж бэртсэн бол одоогоор 14 хүн сураггүйд тооцогдож байна.
Лусон арлын Бенгет мужид ширүүн борооны улмаас үер болж, хөрсний нуралт үүссэн байна. Байгалийн гамшгийн улмаас 15 мянга орчим хүнийг нүүлгэн шилжүүлжээ.
Филиппиний 110 хотод цахилгаан эрчим хүчний хангамж тасалдаж, 325 байшин сүйдсэн гэж Гамшгийн эрсдэлийг бууруулах, удирдах төрийн зөвлөлийн мэдээлэлд дурдсан байна. Газар тариалангийн бүсэд учирсан хохирлын хэмжээ 21.5 сая ам.доллар давжээ.
“Kompasu” хар салхи Номхон далайд 10 дугаар сарын 11-нд үүсжээ. Хар салхи пүрэв гарагт Вьетнамын төв эргийг дайрах төлөвтэй байгаа бөгөөд хар салхи ойртон ирж байгаатай холбогдуулан тус улсын эрх баригчид 250 мянга гаруй хүнийг аюулгүй газар луу нүүлгэн шилжүүлсэн байна.