Сүрьеэ өвчний эмчилгээ, эмнэлзүйн тусламж, үйлчилгээний шинэ аргыг нэвтрүүлэх хэрэгтэйг онцлов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-10-19 12:19:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас 2021 онд “Сүрьеэ өвчний дэлхийн тайлан”-г танилцуулах ажлын хүрээнд олон улсын бага хурал цахимаар болж байна. 

 

Энэ жилийн хувьд "Ковид-19" цар тахлын нөлөө нь сүрьеэ өвчний нэн шаардлагатай тусламж үйлчилгээ, өвчлөлийн дарамтад хэрхэн нөлөөлж байгаа болон сүрьеэ өвчинтэй тэмцэх арга хэмжээнд тулгамдаж буй бэрхшээлийг онцлов.

Түүнчлэн хуралд НҮБ-ын Ерөнхий Ассамблейн дээд түвшний уулзалтаар дэвшүүлсэн зорилтууд болон ДЭМБ-ын сүрьеэ өвчний халдварыг таслан зогсоох стратеги, Тогтвортой хөгжлийн зорилтуудын биелэлтийг тус тус танилцууллаа.

Монгол Улсад сүрьеэтэй тэмцэх арга хэмжээний хэрэгжилтийг ХӨСҮТ-ийн дэд захирал Ж.Байгалмаа танилцуулав.

Тэрбээр, “Сүрьеэгийн тусламж, үйлчилгээнд сүүлийн үеийн дижитал технологи, молекул биологийн оношилгооны технологийг өргөжүүлснээр үндэсний болон орон нутгийн түвшинд илрүүлэлт, оношилгооны чадавх сайжирсан. Цаашид тусламж үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж хүрч очих шаардлагатай зорилтот бүлэгт хүрэхэд сүрьеэгийн тандалтын тоо мэдээг бодит хугацаанд мэдээлэх, цахимжуулах, эмчилгээ, эмнэлзүйн тусламж, үйлчилгээний шинэ аргыг нэвтрүүлэх, эрдэм шинжилгээ судалгааг өргөжүүлэх, иргэний нийгмийн оролцоог хангасан, олон талт цогц арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байна гэв. 


Тус хуралд улс орнуудын Сүрьеэтэй тэмцэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэгч нэгж, удирдлага, төрийн болон төрийн бус байгууллага, иргэний нийгэм, олон улсын байгууллага, хамтрагч талын 400 гаруй хүн оролцож буй юм.

 

相关新闻