Монголын цаг агаарын өөрчлөлтийг харуулсан баримтат киног дэлхийн удирдагчдад толилуулна
МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ИБУИНХУ-ын Глазгоу хотноо болж буй Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр Израйлын гэрэл зурагчин Ашер Свиденский болон Пипл ин Нийд олон улсын төрийн бус байгууллага (ОУТББ)-ын хамтран бүтээсэн “Өөрчлөгдөж буй тэнгэр” богино хэмжээний баримтат киног толилуулна.
Монгол Улсын цаг агаарын өөрчлөлт, ган, зуд, цөлжилт, ой хээрийн түймэр зэрэг монголчуудын өмнө тулгарч байгаа асуудал, сорилтыг хүүхдийн байр сууринаас харуулжээ. Уг кино уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад дэлхий нийтийн анхаарлыг хандуулах зорилготой. Мөн Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтын үеэр толилуулж буй нь улс орнуудын төрийн тэргүүн, Засгийн газрын төлөөлөгч нарт хүүхэд, залуучуудын дуу хоолойг хүргэх зорилготой аж.
Уг кинонд тоглосон НҮБ-ын Хүүхдийн Сангийн YOUCCAN хөтөлбөрийн идэвхтэн У.Ану-Үжин, “Хүүхдүүд бидэнд хүч чадал бий. Бидний дуу хоолой дэлхийг өөрчилнө гэдэгт би итгэдэг. Хэдийгээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хүүхдүүдийг айлгаж байгаа ч бид ямар нэгэн зүйл хийх ёстой” хэмээв.
Уг киног Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Европын холбоо хамтран дэмжиж, санхүүжүүлсэн.
Баянхонгор аймгийн ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Батмөнхийн Наранбаяр, “Хөдөөний малчид уламжлалт нүүдлийн аж ахуйгаа эрхэлж байдаг тул байгалтайгаа нягт холбоотой байдаг. Дэлхийн дулаарал нь усны хомсдол, цөлжилт, бэлчээрийн доройтлыг бий болгож, үер, ган, зуд зэрэг гамшигт үзэгдлүүдийг даамжруулж, хүн ам, үр хүүхдийн амь нас, эрүүл мэндэд аюул учруулж байна. Үүнээс хүүхдүүдээ хамгаалахын тулд бид тэднийг мэдлэгтэй, мэдээлэлтэй, дасан зохицох чадвартай болгож, байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах чадвартай болгох хэрэгтэй” гэлээ.
Ташрамд дурдахад, ИБУИНХУ-ын Глазгоу хотноо болж энэ сарын 1-2-нд болж Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож байна.
НҮБ-ын Хүүхдийн сангийн тухай: НҮБ-ын Хүүхдийн сан хэрэгжүүлж байгаа бүх үйл хэрэгтээ хүүхдийн эрхийг хамгаалах, сайн сайхан байлгахыг ухуулан сурталчилдаг. Хамтрагч байгууллагуудтайгаа дэлхийн 190 гаруй улс орон, нутаг дэвсгэрт энэ амлалтаа бодит үйл хэрэг болгохоор, бүх хүүхдүүд түүн дотроо эмзэг бүлгийн хүүхдүүдийн сайн сайхны төлөө онцгой хүчин чармайлт гарган ажиллаж байна.
Пипл ин Нийд ОУТББ (ПИН) 2009 оны зуданд нэрвэгдсэн айлуудад яаралтай тусламж үзүүлж үйл ажиллагаагаа эхлүүлсэн ПИН нь хүний амь нас, нэр төрийг хамгаалах, чадавхжуулах, тогтвортой амьжиргааг дэмжих зорилгоор 2011 оноос Монгол Улсад салбараа нээсэн.