Эм, эмнэлгийн хэрэгслийг шуурхай татан авахаар шийдвэрлэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эрүүл мэндийн сайд С.Энхболд эм, эмнэлгийн хэрэгслийг гадаадаас шуурхай татан авч, нөөц бүрдүүлэх асуудлаар Эм зүйн байгууллагуудын нэгдсэн Эм холбоо, Эм хангамжийн байгууллагуудын холбоо, зарим үндэсний эм, эмнэлгийн хэрэгслийн үйлдвэрүүдийн удирдлагуудыг хүлээн авч уулзан, үүрэг чиглэл өгөв.
БНХАУ-ын Эрээн
боомт хаагдсан, Тяньжин болон бусад боомтод ачаа саатсаны улмаас эм,
эмнэлгийн хэрэгсэл хомсдох эрсдэл үүсээд буй. Уулзалтаар ойрын
хугацаанд хомсдолд орж болзошгүй эмийн нөөцийн таталтыг Бээжин
хот болон Инчоны нисэх онгоцны буудлаас татан авч төвлөрүүлэх талаар
хэлэлцлээ.
Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангах зорилгоор Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу ЭМЯ-наас 4 удаагийн шууд нислэгийг зохион байгуулж, эм, эмнэлгийн хэрэгслийг шуурхай татан авахаар шийдвэрлэв. Түүнчлэн эм ханган нийлүүлэх байгууллагуудад үнийн хөөрөгдөл үүсгэхгүй байх чиглэлийг Эрүүл мэндийн сайд С.Энхболд үүрэг болгов.
Уулзалтад ЭМЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, Эм, эмнэлгийн хэрэгслийн хяналт, зохицуулалтын газрын дарга Б.Цэцэгсайхан болон холбогдох албаныхан оролцсон юм.