Нийслэлийнхний 20.9 хувь нь нэмэлт тунг тариулаад байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдвараас сэргийлэх дархлаажуулалтын явцын талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих, нийтийн эрүүл мэндийн хэлтсийн дарга О.Энхзаяагаас тодрууллаа.
-Нийслэлийн хэмжээнд III тунгийн хамрагдалт хэдэн хувьтай байна вэ?
-Аравдугаар сарын 31-ний байдлаар III тунгийн хамрагдалт 20.9 хувьтай байна. Эрүүл мэндийн сайдын тушаалаар халдвар авсан, өвдөөд эдгэрсэн 18-аас дээш насны иргэн нэмэлт III тундаа хамрагдах боломжтой болсон. Ингэхдээ өвдөөд бүрэн эдгэрснээс хойш 21 болон түүнээс дээш хоногийн дараа сэргээх тунгаа хийлгэх юм. Мөн эхний тундаа хамрагдсанаас хойш коронавирусний халдвар авсан эсвэл ямар нэг шалтгаанаар гурван сарын турш вакцинд хамрагдаагүй иргэн дараагийн тунгаа хийлгэн дархлаагаа сэргээх хэрэгтэй.
-Нийслэлийн Эрүүл мэндийн газраас III тунгийн дархлаажуулалтыг эрчимжүүлэх чиглэлээр ямар ажил хийж байна вэ?
-Дархлаажуулалтын явуулын 39 багийг гарган байгууллага, аж ахуй нэгжүүдэд нэгдсэн журмаар дархлаажуулалт хийж байгаа. Олон албан хаагчтай байгууллага, аж ахуй нэгжүүд харьяа дүүргийнхээ эрүүл мэндийн байгууллагуудад хандсан тохиолдолд ажилчдынх нь тооноос хамаарч явуулын бага илгээнэ. Мэдээж вакцинжуулалт хийх байр, талбайгаа урьдчилан бэлтгэж байгаа.
-Оюутан, залуус дархлаа сэргээх нэмэлт тундаа хэр идэвхтэй хамрагдаж байна вэ?
-Оюутан, залуусыг нэмэлт III тунд идэвхтэй хамруулах чиглэлээр ажилласан. Тухайлбал, явуулын багууд их, дээд сургуулийн оюутны дотуур байр, сургуулиудад очин оюутнуудыг вакцинжуулалтад хамруулсан. УОК, НОК-ын нэгдсэн шуурхай штаб болон ЭМЯ-наас байгууллага, аж ахуй нэгжүүдэд албан тоот хүргүүлсэн. Үүнтэй холбогдуулан өнгөрсөн долоо хоногт Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын ажилчид эдийн засгаа эрчимжүүлэх уриалгад нэгдэн, нэгдсэн журмаар III тундаа хамрагдлаа.
-Суурин цэгт очин дархлаажуулалтад хамрагдах боломжгүй өндөр настай, хүнд өвчтэй иргэдэд хэрхэн хүрч ажиллаж байна вэ?
-Суурин цэгт очих боломжгүй иргэд хүсэлт гаргасны дагуу явуулын баг гэрт нь очиж вакцин хийж байгаа.
-Заавал харьяа дүүргийнхээ дархлаажуулалтын цэгт хандаж вакцинжуулалтдаа хамрагдах ёстой юу?
-Тухайн иргэн өөрт ойр байгаа дархлаажуулалтын цэгт очин, вакцин хийлгэх боломжтой. Иргэд гэр, ажлын байрныхаа ойр хавьд байрлах аль ч суурин болон явуулын цэгт хандан вакцинаа хийлгэж болно.
-Өчигдрөөс соёл урлагийн үйл ажиллагааг эхлүүлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан иргэд, аж ахуй нэгж байгууллагууд юун дээр илүү анхаарах ёстой вэ?
-Олон нийтийг хамарсан үйл ажиллагааг үе шаттай нээж байгаатай холбогдуулан иргэд хүн хоорондын зайгаа барих, амны хаалтаа тогтмол зүүн, хоёр цаг тутамд сольж хэвших, гараа тогтмол угаах хэрэгтэй. Мөн дархлаа сэргээх нэмэлт тундаа хамрагдах шаардлагатай. Вакцинжуулалт бол таныг болон таны хайртай гэр бүл, найз нөхөд, хамт олныг халдварын эрсдэлээс урьдчилан сэргийлэх, халдвар авсан тохиолдолд хүндрэлээс сэргийлнэ.