Эм, эмнэлгийн хэрэгслийг энэ сарын 5-наас эхлэн татан авна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дотоодын эм хангамжийн 380 гаруй ААН өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа явуулж байна. Эдгээрээс ЭМЯ-тай гэрээ хийсэн компаниудаар дамжуулан тасалдахад хүрээд буй эм, эмнэлгийн хэрэгслийг энэ сарын 5-наас эхлэн тусгай үүргийн нислэгээр татан авна.
Тодруулбал, 5 болон 8, 15-нд БНХАУ-ын Бээжин хот болон БНСУ-ын Инчон руу тус бүр 2 буюу нийт 4 удаагийн нислэгийг том оврын “Бионг-767” онгоцоор хийж, нэн шаардлагатай эм, эмнэлгийн хэрэгслийг татан авна. Шаардлагатай бол нислэгийн тоог нэмэгдүүлнэ гэж ЭМЯ-наас мэдээллээ. Нэг удаагийн нислэгээр 39 мянган тонн ачаа ирэхээр төлөвлөжээ.
Гэрээ хийсэн компани, ААН-үүдийн барааг татах ажлыг ЭМЯ хариуцан зохицуулж, тухайн ААН-үүдийн барааг өмнөх үнээс нэмэхгүйгээр худалдах талаар тохиролцон ажиллаж байна. БНХАУ-ын хилийн боомт хэвийн ажиллах хүртэл эмнэлгүүдийг бэлэн байдлаа ханган нөөцөө бүрдүүлэхийг үүрэг болгоод байна.