“Дубайд гарсан Монголын үзэсгэлэнг “Абу Даби” телевиз онцолжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. АНЭУ-д болж буй олон улсын
“Дубай ЭКСПО-2020”-д оролцож буй Монгол Улсын үзэсгэлэнгийн танхимыг Эмират
улсын “Абу Даби” телевиз сурвалжилжээ.
Монгол Улсын павильонд 1200 жилийн өмнөхөөс эхлээд өнөөгийн цаг хүртэлх түүхийн олдворууд, үзмэрүүд дэлгэн тавьсныг онцлон харуулжээ. Тухайлбал, Японы тэнгисээс олдсон, Монголын Эзэнт гүрний үеийн, ойролцоогоор 800 жилийн түүхтэй усны савыг үзүүлжээ.
Дубайн олон улсын үзэсгэлэнгийн
үеэр тус хотноо энэ сарын 17-нд Монгол Улсын хөрөнгө
оруулалтын бизнес чуулган
болох бөгөөд уг үйл ажиллагааны өмнө ийнхүү “Абу Даби”
телевиз манай улсын тухай нэвтрүүлгээрээ үзүүлжээ.
Үүний өмнө АНЭУ-ын угсаа залгамжлах ханхүү “Дубай ЭКСПО-2020” дахь Монгол Улсын павильоноор зочилсон юм. Эрхэм ханхүү манай улсын павильоноор орж үзсэний дараагаар Монгол Улсын павильоныг сонирхох үзэгч, жуулчид олширч 5000 шахамд хүрчээ.
“Дубай ЭКСПО-2020” олон улсын үзэсгэлэн дэлхий нийтээр тархсан “Ковид-19” халдварын нөлөөнөөс шалтгаалан жил шахам хойшлогдсон юм. Тус экспо 2022 оны 3 дугаар сарын 31-нийг хүртэл үргэлжилнэ. Дэлхийн экспод оролцогч улс орнууд өөр өөрийн онцлог дизайн бүхий павильон байгуулан олон орны зочдод танилцуулсаар байна.