ОХУ-ын найрал дуу, бүжгийн чуулга манай улсад тоглоно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улс, ОХУ-ын дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойн хүрээнд ОХУ-ын Умард Осетын Улсын эрдмийн бүжгийн “Алан” чуулга, Кубаний казакуудын найрал дуу, бүжгийн чуулгын дуучин, бүжигчдийн хамт олон манай улсад ирээд байна. Хоёр улсын хоорондох “Соёлын үйл ажиллагааны солилцоо” төслийн хүрээнд дээрх 2 чуулга өнөөдөр Соёлын төв өргөөнд хамтран тоглох юм.
Хоёр өдөр үргэлжлэх тоглолтыг хоёр улсын Соёлын яам, ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны дэмжлэгээр ОХУ-ын Холбооны улсын төсвийн соёлын байгууллага “Росконцерт” зохион байгуулж байна.
“Монгол, Оросын соёлын үйл ажиллагааны солилцоо” төсөл нь хоёр орны соёл урлагийн салбарт найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлэн бэхжүүлэх зорилготойг ОХУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны соёлын атташе О.В.Шалимова онцоллоо. Манай хоёр улсын соёлын салбарын харилцаа холбоо эрчимтэй хөгжиж, уран бүтээлчид байнгын харилцаатай ажиллаж байна.
ОХУ-аас манай улсад хүрэлцэн ирээд буй хоёр хамтлагийн тоглолтыг зохион байгуулж буй "Росконцерт" нь тус улсын Соёлын яаманд харьяалагддаг, томоохон хэмжээний урлагийн наадам, хоёр орны харилцаа, солилцооны соёлын өдрүүд, Бүх Оросын болон олон улсын уралдаан тэмцээн, бүтээлч төслүүдийг зохион байгуулж, хэрэгжүүлдэг юм.