Өнгөрсөн долоо хоногт халдварын тохиолдол 26 хувиар буурчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-11-12 15:00:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Өнгөрсөн долоо хоногт “КОВИД-19” халдварын тохиолдлын тоо 26.3 хувиар буурсан тухай Эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр мэдээллээ.

 

Тэрбээр "Зүүн Европын улс орнуудад халдварын дөрөв дэх давалгаа эхэлж өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо эрс нэмэгдэж байна. Тухайлбал, Герман улсад өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо 50 мянгад хүрч, нас баралт 250-д хүрчээ. Тус улсын ЭМЯ-наас энэ давалгааны улмаас 100 мянга орчим хүн амь насаа алдах эрсдэл байна гэж мэдээлжээ. ОХУ-д 7 хоногийн хөл хорио тогтоосон боловч халдварын тохиолдын тоо буурахгүй байна. Өвчлөл нэмэгдэж буй улсуудад вакцины хамралт сул байгаа нийтлэг тал ажиглагдаж байна. Энэ нь өвчлөл, нас баралт нэмэгдэх шалтгаан болжээ. Эсрэгээрээ вакцины бүүстэр тунд хүн амынхаа 20 орчим хувийг хамруулаад буй Их Британи улсад тохиолдлын тоо 12 хувь, нас баралт 5 хувь, эмнэлэгт хэвтэлт 12 хувиар буурсан. Манай улсын хувьд нэмэлт тунд нийт хүн амын 15 хувь нь хамрагдсан байна. Үүнтэй холбоотой өнгөрсөн долоо хоногт тохиолдлын тоо 26.3 хувиар буурсан. Түүнчлэн шинжилгээнд эерэг эзлэх хувь 18.1 хувиар, халдварын эрчим 0.81 болтлоо буурч байгаа сайн үр дүн гарч байна. Халдварын тархалт энэ хэвээр буурсаар байвал тохиолдлын тоо 13 өдрийн дараа хоёр дахин буурах тооцоо байна" гэв.


Мөн тэрбээр гурав дахь тунд хамрагдсанаар гэр бүлийн орчин дахь халдварын тохиолдол буурч байгааг мэдээлсэн юм.

相关新闻