Дөрөв хүртэлх насныхны дунд томуу, томуу төст өвчний тархалт их байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-11-18 15:13:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улсын хэмжээнд энэ сарын 12-ны байдлаар эрсдэлт бүлгийн иргэдийн дундах улирлын томуугийн эсрэг вакцины хамралт 96.8 хувьтай байна.

 

Өнгөрсөн долоо хоногт амбулаториор үйлчлүүлэгсдийн дунд томуу, томуу төст өвчин 10,000 хүн амд 22.9 (Улаанбаатар 8.2, аймгийн дундаж 32.1) тохиолдол бүртгэгджээ.

Үүнээс 16 хүртэлх насны 1 542 хүүхэд эмнэлэгт хэвтэн эмчлүүлсний 23.5 хувь буюу 363 нь амьсгалын замын цочмог хурц халдварын шалтгаантай байгаа нь томуу,томуу төст өвчин идэвхжлийн түвшинд байгааг илтгэж байна.

 

Томуу, томуу төст өвчнөөр өвчлөгсдийн дотор 57.9 хувийг 15 хүртэлх насныхан эзэлж байгаа бол, үүний 36.8 хувь нь 4 хүртэлх насныхан эзэлж байна. Иймээс иргэд урьдчилан сэргийлэх дараах зөвлөгөөг дагахыг ХӨСҮТ зөвлөлөө.


-Бага насны хүүхдийг аль болох дааруулахгүй, дулаан хувцаслах, ханиад шуухинаатай бол гэрээс гарахгүй байх;

-Ханиаж, найтаасан тохиолдолд ам, хамраа алчуураар таглах, амны хаалтыг хэрэглэх;

-Гараа савандаж, угаах, ялангуяа ханиаж найтаасны дараа гараа заавал угаах, эсвэл спиртэн суурьтай халдваргүйтгэлийн уусмалаар гараа арчих;

-Халдвар авахгүй, халдвар тараахгүйн тулд, шаардлагагүй тохиолдолд үзвэр үйлчилгээ, олон нийтийн газраар зорчихгүй байх;

-Биеийн эсэргүүцэл сайжруулах амин дэмээр баялаг хоол хүнсний зүйл хэрэглэх, чацаргана, аньсны шүүс зэрэг шингэнийг уух;

-Хамрын хөндийг өдөрт 2-оос багагүй удаа цэвэрлэх, угаах;

-Хоолойгоо давс, содын уусмал, сармисны хандаар зайлах;

-Гэр, орондоо чийгтэй цэвэрлэгээ, агаарын сэлгэлтийг байнга хийх;

-Хэрэв та болон танай гэр бүлийн хэн нэгэнд 38 хэмээс дээш өндөр халуурах, ханиалгах зэрэг томуу, томуу төст өвчний шинж тэмдэг илэрсэн бол бусдад халдвар тараахаас сэргийлж, сургууль, цэцэрлэг, ажилдаа явалгүй харъяа дүүрэг, хорооны өрхийн эрүүл мэндийн төвдөө хандан эмчийн зааврын дагуу эмчилгээг хийлгээрэй.

相关新闻