Тусгай хэрэгцээт иргэдэд зориулсан шүдний кабинет нээв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2021-12-03 20:47:32

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Тусгай хэрэгцээт иргэдэд зориулж Сэргээн засалт, сургалт үйлдвэрлэлийн төвийн сэргээн засах төв эмнэлгийн "Тайван инээмсэглэл" шүдний кабинет өнөөдөр нээлтээ хийлээ.

Тусгай хэрэгцээт иргэдийн дунд нэн тулгамдсан асуудал бол амны хөндийн эрүүл мэнд гэдгийг тус төвийн эмч нар хэлж байв. Энгийн иргэнд 1,6-аас 2 цоорхой шүд байдаг бол тусгай хэрэгцээт иргэнд 7,6 цоорхой шүд байна гэсэн судалгаа байдаг гэнэ. Мөн хүүхдүүдийн дунд шүдний өвчлөл их байгааг хэлж байв. Тийм учраас тусгай хэрэгцээт иргэдэд зориулж Монголд анх удаа шүдний кабинет ийнхүү байгуулж байгаа юм.

 Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд, "Өнөөдөр Олон улсын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдрөөр сэргээн засах төвд иж бүрэн тоноглосон шүдний кабинет нээлтээ хийж байна. Энэхүү кабинет нээлтээ хийснээр тусгай хэрэгцээт иргэдийн амны хөндийн өвчлөлийг эмчлэх боломж нээгдэж байна. Ялангуяа мэргэжлийн байгууллагынхаа дэргэд эмчлэх боломжтой кабинет нээгдэж байгаад ЭМС-ийн хувьд баяртай байна. Цаашид ХНХЯ-тай хамтран тусгай хэрэгцээт иргэдийн эрүүл мэндийн асуудал болон журам стандартыг хэрэгжүүлэх чиглэлээр бодлогын томоохон ажил хийнэ" гэв. 
 Шүдний кабинетын шаардлагатай тоног төхөөрөмжийг ЭМЯ, ХНХЯ-наас хандивласан юм. Тус шүдний кабинет нийт 6 сарын хугацаанд засвар үйлчилгээ хийж өнөөдөр ийнхүү нээж байгааг СЗТ-ийн ерөнхий эмч Б.Өнөрбилэг тодотгов. Тус төв өдөрт 20-24 хүнийг эмчлэх бүрэн чадалтай иж бүрэн ариутгал, үзлэг, яаралтай тусламж, рентген гэсэн бүтэцтэй 2 кабинеттай.

Нээлтэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа болон тус эмнэлгийн удирдлага хамт олон оролцов.



相关新闻