Турк, Тайланд, АНУ, Дубайн нислэгээр ирсэн зорчигчдоос халдвар илэрчээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-01-06 14:13:02

Улаанбаатар /МОНЦАМЭ/. 2021 оны 11 дүгээр сарын 27-ноос өнөөдрийг хүртэл нийт 106 нислэгээр 10 мянга гаруй зорчигч эх орондоо иржээ. Тэднээс коронавируст халдварын 199 зөөвөрлөгдсөн тохиолдол батлагдсан байна.


Энэ тухай ХӨСҮТ-ийн захирал Ц.Билэгтсайхан мэдээлэхдээ, зөөвөрлөгдсөн улс орноор нь ангилбал, Туркээс 92, Тайландаас 29, АНУ-аас 25, БНСУ-аас 12, Дубайгаас 11 тохиолдол илэрсэн. Ялангуяа Дубай, Тайланд, Туркээс ирж буй бүлэг аялалд яваад ирсэн зорчигчдоос зөөвөрлөгдсөн тохиолдол ихээр бүртгэгдэж байна. Тиймээс иргэд аялал, бизнесээ төлөвлөхдөө эрсдэлийг тооцох шаардлагатайг анхаарууллаа.


Манай улсын хувьд ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу эрсдэлд суурилсан хилийн тандалт,  нийгмийн эрүүл мэндийн нийтэд чиглэсэн хариу арга хэмжээ, нэмэлт тунгийн хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байгаа аж. 


Нийт 106 нислэгийн 59 нислэгт буюу хоёр нислэгийн нэгд нь зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгджээ. Үүнд ХӨСҮТ-ийн тандалтын баг судалгаа гаргаж сүүлийн нэг сарын хугацаанд ЗӨСҮТ, НЭМҮТ-ийн баг,  цагдаа, тагнуул, УОК-той хамтран тандалт хариу арга хэмжээнд хамтран ажиллаж байна.

Мөн Алтанбулаг, Цагааннуур, Боршоо, Гашуунсухайт зэрэг боомтод эрсдэлд суурилсан боомтын хариу арга хэмжээг хэрэгжүүлж байгаа аж.


Ташрамд дурдахад, энэ сарын 5-ны байдлаар, коронавируст халдварын омикрон хувилбар дэлхийн 138 улсад бүртгэгдсэнээс 108 хүн нас баржээ.

Омикрон хувилбарын дэгдэлт Европын холбооны Норвеги, Герман, Австри зэрэг улсад сүүлийн 24 цагийн хугацаанд хамгийн их бүртгэгджээ. Харин АНУ, Канадад хамгийн их тоогоор бүртгэгдсэн байна.



相关新闻