Хүүхдийг Ивээх сан эрүүл мэндийн төсөл хэрэгжүүлж эхэллээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хүүхдийг Ивээх сан АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилтээр “Монгол Улсад Ковид-19 цар тахлын эсрэг хариу арга хэмжээг сайжруулахад техникийн туслалцаа үзүүлэх, зорилтод нийцүүлэн тархварзүйн хяналтыг дэмжих нь“ төслийг 2022 оны 1 дүгээр сараас хэрэгжүүлж эхэллээ.
Энэхүү төслийг
АНУ-ын FHI
360 (Family Health International) байгууллагатай хамтран Архангай,
Баянхонгор, Дархан-Уул, Дорнод, Дорноговь, Өвөрхангай, Говьсүмбэр, Хэнтий,
Сэлэнгэ, Орхон, Завхан гэсэн 11 аймагт хэрэгжүүлэх
бөгөөд “Ковид-19” цар тахалтай тэмцэх, урьдчилан
сэргийлэх, халдварыг бууруулахад дэмжлэг үзүүлэх зорилготой юм.
АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагаар дамжуулан АНУ-аас Монгол Улсад “Ковид-19” цар тахлын эсрэг хийж буй хүчин
чармайлтыг дэмжих зорилгоор амьсгалын аппаратууд хандивласан бөгөөд эдгээр тоног
төхөөрөмжийн үйл ажиллагааг
хэвийн явуулахад шаардлагатай сургалт, зөвлөгөө, мэдээллийг
төслийн хүрээнд хүргэх юм.
Хүүхдийг Ивээх сангийн Монгол дахь
Хөтөлбөрийн менежер, Суурин төлөөлөгч Л.Баян-Алтай “Энэхүү төслийг хэрэгжүүлэх
болсон нь эрүүл мэндийн салбарт оруулж байгаа бидний хувь нэмэр юм. Бид төслөө
төлөвлөсөн хугацаанд, үр дүнтэй хэрэгжүүлж, төслийн хүрээнд Эрүүл мэндийн яам
болон салбарын мэргэжилтэн, зөвлөхүүдтэй нягт хамтран ажиллах болно” гэв.
Амьсгалын аппарат нь “Ковид-19” өвчнөөр хүндэрсэн өвчтөнд
амьсгал дэмжих эрчимт эмчилгээ хийх хамгийн гол тоног төхөөрөмж бөгөөд энэхүү
төхөөрөмжийг үр дүнтэй ашиглахад аймаг, орон нутгийн түвшинд мэргэжлийн хүний
нөөц, тоног төхөөрөмжийн ашиглалт, засвар үйлчилгээний асуудал тулгамдсан
хэвээр байна.
Төслийн хүрээнд дүүрэг, аймаг, сумдын эмнэлгүүдэд “Ковид-19”-ийн эсрэг хариу арга хэмжээ үзүүлэх чадавхийг сайжруулах чиглэлээр эмч, сувилагч нарт зориулсан онол, ур чадварт суурилсан цахим болон танхимын сургалтын модуль боловсруулан сургалт зохион байгуулах, сургагч багш нарыг бэлтгэнэ. Эрүүл мэндийн төслийн хүрээнд сумдын эмнэлгийн эмчилгээний хүчилтөрөгчөөр хангагдах тогтолцооны хэрэгцээ, шаардлагыг үнэлж, сайжруулах арга хэмжээг авна.
Мөн эмнэлгийн тоног төхөөрөмж
хариуцсан инженер, техникийн ажилтнуудад зориулан амьсгалын аппарат болон бусад
яаралтай, эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжүүдийн ашиглалт, засвар үйлчилгээ,
бүртгэлийн цахим системийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх зэрэг үйл ажиллагаанууд
явагдах юм.