Коронавируст халдварын эсрэг вакцин хийлгээгүй бол омикрон хувилбараар өвдөх магадлал 100 хувь байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдварын эсрэг вакцин хийлгээгүй бол омикрон хувилбараар өвдөх магадлал 100 хувь, хоёр тунг тариулаад 3-6 сараас дээш хугацаа өнгөрсөн бол өвдөх магадлал 75 хувьтай байгааг ХӨСҮТ-ийн дэд захирал Ц.Чинбүрэн тэмдэглэлээ.
Өмнө халдвар аваад эдгэсэн хүн омикрон хувилбараар дахин өвдөх боломжтой. Харин вакцины 3 тун тариулаад 2 долоо хоногоос дээш хугацаа өнгөрсөн бол 75 хувь нь хамгаалагдаж, эмнэл зүйн шинж тэмдэг илрэхгүйг тэрбээр хэвлэлийн хурлын үеэр онцолсон юм. Түүнчлэн ЭМЯ-ны өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр, вирус хувирах тусам давтан халдварлах эрсдэлийг нэмж байгааг анхаарууллаа.
Шинж тэмдэг
илрээгүй ч вирусний халдвартай хүний хувьд оношлогдсоноос хойш 5 хоногийн дотор
халдварыг хамгийн их тараах эрсдэлтэй. Шинж тэмдэг илэрсэн хүний хувьд эмнэл
зүйн шинж тэмдэг илэрсэн эхний 3 хоногт хамгийн их халдварлуулах магадлалтай. Энэ
үед өөрийгөө гэрийн нөхцөлд тусгаарлан, амны хаалтаа сайн зүүж, олон нийтийн
газраар явахгүй байхыг зөвлөж байна.
Хүйтний улиралд томуугийн
3-4 төрлийн вирус намраас хойш нэлээн урт хугацаанд иргэдийн дунд халдварлаж байна.
Улирлын томуу, коронагаас гадна томуугийн AH3N2 вирус оны эцсээр их тархлаа. ХӨСҮТ-өөс хүүхдүүдийг томуугийн
вакцин тарьсан тул харьцангуй гайгүй байгааг гавьяат эмч А.Амбасэлмаа дурдсан
юм.