Онцгой байдлын газрынхан өнгөрсөн онд 120 хүний амь насыг аварчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
Говь-Алтай /МОНЦАМЭ/. Болзошгүй аюулт үзэгдэл, ослоос урьдчилан сэргийлэх, аврах, хор уршгийг арилгах, хойшлуулшгүй сэргээн босгох, иргэдийн амь нас, эд хөрөнгийг авран хамгаалах үйл ажиллагааг орон нутгийн хэмжээнд удирдан зохион байгуулж, төр, түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй гүйцэтгэж байгааг үнэлэн Онцой байдлын газрын хамт олон 2021 оны аймгийн “Тэргүүний хамт олон”-оор шалгарлаа.
Шагналыг аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар нэгдүгээр сарын 31-нд гардуулан өглөө. Тус газрын бие бүрэлдэхүүн 2021 онд нийт 74 удаагийн дуудлагаар ажиллаж,120 хүний амь насыг аварч, иргэдийн 1.4 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.
Мөн алба хаагчдынхаа ажиллах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэх, албаны өнгө үзэмжийг сайжруулах хүрээнд 39.600.000 төгрөгийн тохижилт, бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлсэн тухай аймгийн Онцгой байдлын газраас мэдээлэв.