Канадад жолооч нарын эсэргүүцлийг зогсоохын тулд онц байдлын хуулийг хэрэглэхэд бэлэн байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ОТТАВА. /TASS/. Канадын Засгийн газар холын тээврийн жолооч нар болон тэдний дэмжигчдийн улс даяар зохион байгуулж буй коронавирусний хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаалыг зогсоохын тулд урьд өмнө хэзээ ч хэрэглэж байгаагүй онц байдлын тухай хуулийг хэрэглэхэд бэлэн байна. Энэ тухай тус улсын Ерөнхий сайд Жастин Трюдо даваа гарагт сэтгүүлчдэд мэдэгджээ.
“Засгийн газар онц байдлын тухай хуулийг хэрэглэхэд бэлэн байна” гэж тэрбээр хэлээд энэхүү арга хэмжээ нь нэгдүгээр сард холын тээврийн жолооч нарын эхлүүлсэн коронавирусний хязгаарлалтыг эсэргүүцсэн жагсаалыг зогсооход шаардлагатай гэж цохон тэмдэглэсэн байна. Хуулийг хэрэглэх цаг хугацаа, газар зүйн хувьд хязгаарлагдмал байна гэдгийг Ж.Трюдо нэмж хэлжээ. Тодруулбал, уг хуулийг эсэргүүцлийн жагсаал болж буй газруудад хэрэглэх аж.
1988 онд баталсан дээрх хууль нь онцгой байдал үүссэн тохиолдолд Засгийн газарт нэмэлт эрх мэдэл олгодог байна. Тухайлбал, эрх баригчид олон нийтийн цуглаан, орон даяар иргэдийн хөдөлгөөнийг хориглох эсвэл төрийн болон бусад өмч хөрөнгийг иргэд ашиглахыг хориглоход уг хуулийг ашиглаж болно. Хуулийг дагаж мөрдөөгүй тохиолдолд торгох дээд хэмжээ нь 5 мянган доллар ба эсвэл таван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэнэ. Энэ хуулиар Засгийн газарт төрийн бусад шатны удирдлагын чиг үүргийг хэрэгжүүлэхийг зөвшөөрдөггүй байна.
Канадын парламентын ордны өмнө нэгдүгээр сарын 27-нд эхэлсэн жагсаал Оттавад өнөөг хүртэл үргэлжилж байна. Жагсагчид коронавирусний цар тахалтай холбогдуулан тогтоосон бүх хязгаарлалтаа цуцлахыг эрх баригчдаас шаардаж байгаа юм.