Буриадын хүн амын 68.2 хувь эхний тундаа хамрагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
192@montsame.mn
2022-02-15 15:09:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсад өнөөдрийн байдлаар коронавируст халдварын 1293 тохиолдол бүртгэгдсэнээр нийт тохиолдлын тоо 110.937 болжээ.


Өнөөдөр бүртгэгдсэн халдварын тохиолдол өмнөх өдрийнхөөс 108-аар буурсан үзүүлэлт ч, халдварын улмаас нас барж буй хүмүүсийн тоо буурахгүй байна. Өмнөх 2 өдөр дараалан тус бүр 10 хүн энджээ. Тэгвэл өнөөдрийн байдлаар дахин 9 хүн коронавируст халдвараар амиа алдаад байна.

Халдварын тохиолдлын 46 хувь нь нийслэл Улаан-Үд хотын орчин суугчид байна. Өнгөрсөн хоногт халдвар илэрсэн хүмүүсээс 1042 нь амьсгалын замын цочмог вируст халдвар, уушгины хатгалгаагаар өвдсөн, урьдчилан сэргийлэх зорилгоор үзлэгт хамрагдсан хүмүүс байжээ. Халдварын улмаас 1882 өвчтөн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаагийн 1060 нь хүнд хэлбэрийн уушгины хатгалгаатай байна. Эрчимт эмчилгээний тасагт 139 өвчтөн (тэдний 105 нь 65-аас дээш настай), хиймэл амьсгалын тасагт 50 өвчтөн (үүний 40 нь 65-аас дээш настай) хэвтэн эмчлүүлж байна.


Амбулаторийн эмчилгээ болон ажиглалтад 16.759 хүн байна. Халдвартай өвчтөнүүдийн эмчилгээнд зориулж 2381 орыг нэмж тавьсан бөгөөд эмчилгээний орны дүүргэлт 79.0 хувьтай байна.


Буриад улсын хэмжээнд халдвараас сэргийлэх вакцины эхний тунд 491.118 хүн хамрагджээ. Энэ нь насанд хүрсэн нийт хүн амын 68.2 хувь нь юм. Анхан шатны дархлаажуулалтад 462 951 хүн хамрагдаж дууссан нь насанд хүрсэн хүн амын 64.3 хувь болж байна. Хоёр дахь шатанд 131.345 хүн вакцинаа эхлүүлж, 113.990 хүн хийлгэж дуусжээ.

相关新闻