Европын холбооны хотуудтай Дархан хот хамтран ажиллах боломж нээгдлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-03-11 19:13:02

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Европын холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксель Никэйз Дархан-Уул аймагт айлчлан аймгийн Засаг дарга Б.Азжаргалтай уулзлаа. Уг уулзалтаар шинээр хэрэгжүүлэх төсөл болон бусад чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан санал солилцсон юм. Европын холбооноос Дархан хотод хэрэгжүүлэх “Найрамдал” төслийн нээлт лхагва гарагт болсон. Тус төсөл нь Европын холбооны хотууд болон Дархан хотын төр, хувийн хэвшлийн байгууллага, иргэдийг хооронд нь холбож хамтран ажиллах боломжийг бий болгох юм. Гурван жилийн хугацаанд хэрэгжих тус төслийн нийт өртөг 3 сая евро. Үүнээс 2.7 сая еврог Европын холбооноос санхүүжүүлэх ажээ. Төслийн хүрээнд: Цахим засаглалыг бэхжүүлэх, инновац технологийг дэмжих замаар ЖДҮ-ийг хөгжүүлэх, ногоон хөгжлийг дэмжихэд иргэд болон талуудын оролцоог нэмэгдүүлэн Дархан хот төдийгүй бүс нутгийн тэгш хүртээмжтэй, тогтвортой өсөлтийг хангах гэсэн үндсэн чиглэлүүдээр үе шаттай хэрэгжүүлнэ. Тус төслөөс гадна хог хаягдлын менежмент, ногоон хөгжлийн чиглэл, мөн дээд боловсролын чиглэлээр хамтран ажиллахаар талууд санал солилцлоо. Европын холбооноос их, дээд сургууль хоорондын оюутан солилцоо, тэтгэлэгт хөтөлбөр зэрэг бүрэлдэхүүн хэсгүүдтэй төслийг хэрэгжүүлдэг аж. Найрамдал төслийн хүрээнд ирэх тавдугаар сард Европын холбооны боловсролын яармагийг зохион байгуулахаар талууд урьдчилсан байдлаар тохиролцлоо.

相关新闻