Хөл хорионы үед хүүхдийн биеийн эсэргүүцэл муудсанаас хүндээр өвдөж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-03-17 12:20:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлд бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөл, хүндрэл ихсэж байгаатай холбогдуулан өрх, дүүргийн эмнэлгүүд илүү цагаар ажиллаж эхэлсэн. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үеийн нөхцөл байдал, ажиллах цагийн хуваарийн талаарх мэдээллийг Баянгол дүүргийн Эрүүл мэндийн төвөөс хүргэж байна.


Тус төвийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Э.Идэр,Манай төвийн хүүхдийн салбар эмнэлэгт ачаалал их байна. Ачааллыг тэнцүүлэх үүднээс Амбулаторийн үзлэгийг ахмадын эмнэлэгт хийж байгаа. Томуу, томуу төст өвчний халдвар бага насны хүүхдэд их, тэр дундаа нэг хүртэлх насны хүүхдүүдийн хувьд хүндрэл их байна. Одоогийн байдлаар 291 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 95 нь нэг хүртэлх насны хүүхэд. Ихэвчлэн хатгаагаар хүндэрч байна. Сүүлийн хоёр жил хөл хорионоос шалтгаалан хүүхдийн биеийн эсэргүүцэл муу, хурдан хүндрэх магадлал их байна. Хаврын цагт тоосжилт, агаарын бохирдол их байдаг тул вирусээр үүсгэгдэн дархлаа суларч, улмаар бактерийн хатгаа болох хүндрэлүүд их байна" гэлээ.

Амьсгалын замын халдвар их байгаа энэ цаг үед эцэг эхчүүд гэртээ ариутгал, цэвэрлэгээ тогтмол хийж, хүүхдийг шим тэжээлтэй хоолоор хооллож,  дархлаа дэмжих, цэвэр агаарт гаргах гэх мэт энгийн амьдралын хэв маягийг хэвшүүлэх нь чухал гэдгийг онцгойлон анхааруулав.


Тус төвийн Хүүхдийн эмнэлгийн эрхлэгч Б.Буян-Өлзий сургууль, цэцэрлэгийн хичээл эхэлснээс хойш томуу, томуу төст өвчин эрс ихэссэнийг дурдаад,  өвдсөн хүүхдүүд дунд хүндрэл илүү их байдаг тул халдвар хамгааллын дэглэмээ сайн барих хэрэгтэйг зөвлөлөө. Мөн цэцэрлэгийн хүүхдүүд бага сартай дүү нартаа томуу халдаах магадлалтай, хэрэв хүүхэд тань ханиад хүрсэн бол аль болох цэцэрлэг, сургуульд нь явуулахгүй байхад анхаарах хэрэгтэйг онцлов. Эмч, эмнэлгийн ажилтнууд их ачаалалтай байгаагийн дээр сувилагч хүрэлцээгүй байгааг хэлж байлаа.  

НЭМГ-ын Эмнэлгийн тусламжийн хэлтсийн дарга Б.Нинж НЭМГ-аас хүүхдийн тусламж, үйлчилгээнд 780 ор нэмж дэлгээд байна. Дүүргийн эмнэлгүүдэд өнөөдрийн байдлаар нийт 1740 ор дэлгэсэн. Одоогийн байдлаар 1650 хүүхэд эмчлүүлж байна. Нийслэлийн харьяа, дүүргийн эмнэлгүүдээс гадна ЭХЭМҮТ-д 500 ор дэлгэн, томуугаар өвдсөн хүүхдийг хүлээн авч буй. Яаралтай тусламж дээр шөнөдөө 200-250 хүүхэд ирж байна. Зарим тохиолдолд 100 хүртэлх хүүхдийг хэвтэн эмчлүүлж байгааг дурдлаа

Ачаалал ихтэй үед хүний нөөцийн дутагдал үүсэж буй учир хүүхдийн төрөлжсөн мэргэжлээр сурч байгаа мэргэшигч /резидент/ эмч нарыг татан ажиллуулж эхэлжээ.

Өрх, тосгоны Эрүүл мэндийн төвүүдийг гуравдугаар сарын 11-нээс дөрөвдүгээр сарын 1-нийг хүртэл илүү цагаар ажиллуулж байна.  Тухайлбал, өрх тосгоны эмнэлгүүд бямба гарагт 10.00-17.00, дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүүхдийн кабинет ажлын өдрүүдэд 8.30-22.00, ням гарагт 10.00-17.00 цагт  ажиллаж буй юм.




相关新闻