Жилд 3000 гаруй хүн сүрьеэгээр өвчилдгөөс 12 хувь нь хүүхдүүд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
boloroo8136@gmail.com
2022-03-24 17:54:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Өнөөдөр тохиож буй “Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан Д.Сүхбаатарын талбайд "Сүрьеэ өвчнөөс хамтдаа сэргийлье" өдөрлөгийг зохион байгууллаа.


Манай улс сүрьеэгийн тархалт ихтэй орны нэг бөгөөд жилд 3000 гаруй хүн сүрьеэгээр өвчилдөг. Үүний 12 хувь нь хүүхдүүд байна. Хүүхэд, залуучуудын дунд сүрьеэгийн өвчлөл өндөр байгаа нь нийгэмд сүрьеэгийн халдварлалт идэвхтэй байгааг харуулж байна. Манай улсад жил бүр бүртгэгдэж буй сүрьеэгийн өвчлөлийн 60 гаруй хувь нь Улаанбаатар хотод гарч, өвчлөлийн 70 орчим хувийг 15-44 насны өсвөр үеийн болон ид ажил хөдөлмөрийн насны залуучууд эзэлж байгаа аж

 

ЭМЯ-ны Нийтийн эрүүл мэндийн газрын дарга Д.Баярболд, "Сүрьеэ өвчин амьсгалын замаар халдварлаж, хүний биеийн арьс, яс, дотор эрхтэнийг гэмтээдэг. Гэхдээ сүрьеэ бол эдгэрдэг өвчин. Монгол Улсад жилд дунджаар 13 000-14 000 хүн сүрьеэ өвчнөөр өвчилдөг гэсэн тоо мэдээ байдаг боловч, илрүүлэг үзлэгээс хамран ердөө 3000-4000-ыг л илрүүлж байна. Нийт оношлогдож байгаа хүний 60 хувь нь Улаанбаатар хотод байна. Тиймээс цаашид бид сүрьеэ өвчнийг эрт илрүүлэх, илэрсэн хүнийг эмчлэхийн төлөө анхааран ажиллах шаардлагатай байна" гэв.

 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Ц.Билэгтсайхан хэлэхдээ, “Эрүүл мэндийн сайд С.Энхболдын санаачилгаар ХӨСҮТ, олон улсын байгууллага болон мэргэжлийн төрийн бус байгууллагууд хамтран сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдөрт зориулан энэ оны 1 дүгээр сараас эхлэн 30 гаруй ажлыг төлөвлөн ажиллаж байна. ДЭМБ-аас 20 жилийн өмнө сүрьеэг "Аюултай өвчин" хэмээн зарласан ч энэхүү өвчин дэлхий дахинд нас баралтын 10 шалтгааны нэг хэвээр байна. Цаашлаад олон эмэнд тэсвэртэй болон хүүхдийн сүрьеэ, хавсарсан өвчтөнүүдийн бэрхшээл тулгарсаар байна. Сүүлийн хоёр жил гаруй хугацаанд бид Ковид-19 цар тахалтай хамтдаа тэмцэж, 4 давалгааны ард хохирол багатай даван туулаад байна. Ковид-19-ийн нөхцөл байдал халдварт өвчин тэр дундаа сүрьеэ өвчний илрүүлэг, оношилгоог сааруулах нөлөө үзүүлсэн. Бид өмнө нийт тооцоологдсон сүрьеэ өвчний 30 хувийг илрүүлдэг байсан бол, сүүлийн 2 жил энэ нь 20 хувь болж буурсан. Тиймээс цаашид илрүүлгийн хувийг нэмэгдүүлж, эрчимжүүлэх шаардлага тулгарч байгаа бөгөөд энэ жил бид илрүүлэг, оношилгоон дээр илүү их ажиллахаар төлөвлөсөн” гэлээ.

 

Өдөрлөгийн үеэр сүрьеэ өвчний талаар сургалт, сурталчилгаа хийхээс гадна эмнэл зүйн асуумж авч, урьдчилан сэргийлэх үзлэг хийж, шаардлагатай хүмүүсийн рентген зургийг авч үйлчлэв. Мөн хүүхдүүдийн дунд гар зургийн уралдаан зохион байгуулсан юм.

Өдөрлөгийг ЭМЯ, ХӨСҮТ, НЗДТГ, НЭМГ, НЭМҮТ, дүүргийн эрүүл мэндийн төвийн сүрьеэгийн диспансерийн хамт олон болон Монголын сүрьеэтэй тэмцэх нийгэмлэг, Эрүүл сүрьеэгүй ирээдүйн төлөө ТББ, МУЗН, Монголын сумын эмч мэргэжилтнүүдийн холбоо, Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо хамтран зохион байгуулав.






相关新闻