Франц Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдтай уулзав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-03-28 19:28:15

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Франц Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сэбастиан Сүрүн баасан гарагт Дархан-Уул аймагт ажиллалаа.

Тэрээр аймгийн Засаг дарга Б.Азжаргал, аймгийн ЗДТГ-ын дарга О.Хүрэлчулуун, аймгийн ТЗУХ-ийн дарга П.Баярсайхан нартай уулзалт хийж хэрхэн хамтран ажиллах талаар санал солилцсон аж. Уулзалтын эхэнд Төрийн захиргаа, удирдлагын хэлтсийн гадаад харилцааны мэргэжилтэн Дархан хотын талаар товч танилцуулга хийж зочдод мэдээлэл өгчээ.

Уулзалтын үеэр аймгийн Засаг дарга Б.Азжаргал хэлэхдээ: Манай аймгийн нийт хүн амын 65 хувийг залуучууд эзэлдэг. Тиймээс цаашид залуучуудыг ажилтай, орлоготой болгох үүднээс жижиг, дунд бизнес эрхлэгчдийг дэмжих, бидний хойч ирээдүй болсон хүүхэд багачуудын боловсролд түлхүү анхаарч хамтран ажиллах хүсэлт тавилаа.

Элчин сайд Сэбастиан Сүрүн: - Франц улс үйлдвэрлэгч, аялал жуулчлалыг дэмжсэн улс. Бид Монгол Улстай олон төсөл хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж, төрийн үйлчилгээний чанарыг сайжруулж бие даасан байдлыг бий болгоход анхаарч ирсэн. Тиймээс цаашид боловсрол болоод төрийн үйлчилгээний чанарыг сайжруулж бие даасан байдлыг бий болгоход  танай аймагтай хэрхэн хамтран ажиллах талаар судалгаа хийж төлөвлөгөө гаргая гэв. Тиймээс талууд хамтын ажиллагааг эхлүүлэхэд ямар төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, орон нутгийг түшиглэсэн, ирээдүйд үр дүнд хүрэх, боловсролын салбарт хийж болох ямар шинэ шийдэл буйг хамтдаа судалж төлөвлөгөө гаргахаар болжээ.

相关新闻