Төрийн албаны зөвлөлийн дарга Дархан-Уул аймагт ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Төрийн
албаны зөвлөлийн дарга Б.Баатарзоригоор ахлуулсан ажлын баг Дархан-Уул аймагт
ажиллаж, төрийн албаны ерөнхий шалгалтын явцтай танилцлаа. Мөн аймгийн Засаг
дарга болон албаны бусад хүмүүс, төрийн албан хаагчидтай уулзаж, үр дүнд
суурилсан цалин хөлсний тогтолцоо, төрийн албан хаагчийн нийгмийн баталгаа,
орон нутаг дахь төрийн албаны хүний нөөцийн хүрэлцээ, хангамж, шинэ сэргэлтийн
бодлогын хэрэгжилт, төрийн бүтээмж зэрэг төрийн албаны шинэтгэлийн тухайлсан
сэдвүүдээр мэдээлэл өгч, зөвлөлдөх уулзалт хэлэлцүүлгийг өрнүүлэн, санал
солилцлоо. Баасан гарагт улс, орон даяар нэгэн зэрэг
эхэлсэн төрийн албаны ерөнхий шалгалт өгөхөөр 7600 иргэн санал ирүүлсний 164 нь
Дархан-Уул аймагт шалгалт өгөхөөр бүртгүүлсэн. Үүнээс 144 иргэн шалгалтад орж
54 иргэн буюу 37.5 хувь нь тэнцсэн юм. Шалгалт өгч буй иргэдэд төрийн үйлчилгээг
цахимаар зохион байгуулсан, шударга өрсөлдөөний зарчмаар мэдлэгээ шалгуулж,
өөрсдийгөө сорих боломж нөхцөлийг бүрдүүлсэн, шалгалтын үеэр
цахилгааны аваар, саатал гарахаас урьдчилан сэргийлсэн зэрэг бэлтгэл байдал,
зохион байгуулалтыг Төрийн албаны зөвлөлийн дарга өндрөөр үнэллээ. Мөн тус зөвлөлөөс 2022 оныг "Ёс зүйтэй төрийн алба, Бүтээмжтэй төрийн албан
хаагч" уриалгыг дэвшүүлэн ажиллаж байгааг онцолж ажлын өндөр амжилт хүссэн юм.
Төрийн албаны зөвлөлөөс дэвшүүлж буй уриалга, бодлого чиглэл нь
“Авлига, ашиг сонирхлоос ангид байх, албан хаагч бүр хариуцсан ажилдаа эзэн
болох, хүнд сурталгүй төрийн алба” болох аймгийн зорилттой уялдаж байгааг
аймгийн Засаг дарга хэллээ. Цаашид иргэдэд үйлчлэх үйлчилгээний чанар
хүртээмжийг сайжруулах тал дээр илүү анхааран ажиллана гэв.
Тус ажлын хэсэг даваа гарагт аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн үйл ажиллагаатай танилцаж,
албан хаагчидтай уулзлаа.
Нийгмийн даатгалын хэлтэс нь Монгол Улсын Засгийн газрын “Цахим
үндэстэн” болох бодлого зорилт, Дархан-Уул аймгийн Засаг даргын үйл ажиллагааны
хөтөлбөрийн “Цахим Дархан” төслийн хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологи
ашиглан “Ухаалаг архивын систем”-ийг бүрэн нэвтрүүлснийг хэлтсийн дарга
Л.Баярням төрийн албаны зөвлөлийн даргад танилцууллаа. Мөн
чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 стандартыг үйл ажиллагаандаа
нэвтрүүлж нийгмийн даатгалын 34 төрлийн үйлчилгээг нэг цэгээс мэргэжил арга
зүйн зөвлөмж өгч, нэг дор бүх үйлчилгээг үзүүлдэг болжээ. Ингэснээр цаг хугацаа
хэмнэсэн, шат дамжлагагүй, богино хугацаанд иргэд даатгуулагчид үйлчилгээг авах
нөхцөл бүрдсэн байна.
Ажилчдын амрах өрөөг шинэчлэн засварласан, сургалтын өрөө,
хүүхэд харах өгөөг тохижуулсан, QR кодтой үнэмлэхтэй болж ажилчдын ажлын цаг
бүртгэлийг цахимжуулсан, бүтээлч хамт олон болох зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд албан
хаагчдынхаа дундаас өндөр давтамжтай гарсан саналуудаа нэгтгэн заавал санхүү
мөнгө шаардахгүйгээр санаачилгаараа хийж хэрэгжүүлж болох ажлыг бодит ажил
болгохоор төлөвлөсөн зэрэг ололттой сайн жишээ олон байгааг төрийн албаны
зөвлөлийн дарга онцолж
цаашид алдаа дутагдал гаргахгүй байх тал дээр анхаарч ажиллахыг зөвлөлөө.