Иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудад мод тарихыг уриалав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2022-05-16 22:08:42
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Дундговио ногооруулъя” хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд Дундговь аймаг 2022 онд 80,0 мянга гаруй мод тарихаар төлөвлөөд байна. 

Энэхүү төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд тус аймгийн ЗДТГ, БОАЖГ-аас 15 суманд мод, бут, хүнсний ногоо тариалалтын сургагч багш нарыг бэлтгэх, үр, үсэлгээ нийлүүлэх, иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудыг идэвхжүүлэх чиглэлээр хэд хэдэн томоохон ажлыг эхлүүлээд байна. Түүний нэг нь “Дундговио ногооруулья” үзэсгэлэн худалдаа юм.

Тус үзэсгэлэн худалдааг аймгийн ЗДТГ, Сайнцагаан сумын ЗДТГ, БОАЖГ, Сум дундын ойн анги, ХХҮГ, ХХААГ, Хот тохижуулах газар, ГХБХБГ зэрэг олон байгууллагууд хамтран энэ сарын 13,14-ний өдрүүдэд зохион байгуулж, ногоон ажлын байр, төмс, хүнсний ногооны үр үрсэлгээ, бордоо, модны тарьц суулгац, тасалгааны болон мандлын цэцгийн үр, үрсэлгээ, газар тариалангийн тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл зэрэг хэрэгцээтэй бүхий л зүйлийг нэг цэгээс худалдан авах боломжийг бүрдүүлж, мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө, мэдээлэл өгчээ.

Энэ үеэр аймгийн Засаг дарга Ц.Мөнхбат говь нутгийн цөлжилтийн эсрэг хийж болох хамгийн чухал ажил бол ногоон бүс бий болгох хэмээн онцолж, иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд энэхүү санаачилгыг дэмжин мод тарихыг уриалсан юм.

Дундговь аймгийн хэмжээнд ургамал, мод төдийгүй хүнсний ногоог эрчимтэй тариалж, өрхийн тариалан эрхлэлтийг нэмгдүүлэн, аймгийнхаа иргэдийн хүнсний ногооны хэрэгцээг дотооддоо хангах зорилт тавьсан байна.

“Тэрбум мод” хөтөлбөрийн хүрээнд Дундговь аймаг 2030 он хүртэл 30,0 сая мод тарих гэрээ байгуулсан бөгөөд энэхүү зорилтоо хангахын тулд 15 сумын ЗДТГ-тай гэрээ байгуулсан байна. Тодруулбал, найман сум 1,5 сая, хоёр сум 2,0 сая, дөрвөн сум 2,4 сая, нэг сум 2,8 сая, Сайнцагаан сум 4,0 сая мод тарих гэрээ байгуулан ажиллаж байгаа аж.

相关新闻