15 дугаар сургуулийн ариун цэврийн байгууламжийг шинэчилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-05-31 15:47:34

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар сургуулийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх төсөл хэрэгжинэ.

Төслийн хүрээнд "Гүүд Нэйборс" ОУТББ-аас 49.950 долларын дэмжлэг үзүүлж байгаа бол сургуулийн зүгээс 30 сая төгрөгийн санхүүжилтийг гаргахаар болсон аж. 15 дугаар сургууль нь Дархан сумын тавдугаар багт үйл ажиллагаагаа явуулдаг. Тус багт үйл ажиллагаа явуулдаг ААНБ, эцэг эхчүүдээс 10 гаруй сая төгрөгийг хандивлажээ.

Тухайн сургууль нь 1985 онд ашиглалтад орсон. Байгуулагдсан цагаасаа хойш ариун цэврийн өрөөнүүдэд бүрэн засвар хийгээгүй бөгөөд жилд урсгал засвар хийдэг байжээ. Тиймээс хүүхэд багачуудын эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхийн хүрээнд төсөл хэрэгжүүлэхээр сургуулийн удирдлагууд олон улсын байгуулагад хандсан ийнхүү биелэлээ олж байна. 30 гаруй жил бүрэн засварт ороогүй байсан ариун цэврийн байгууламж иж бүрэн шинэчлэгдэнэ. Ингэснээр сургуулийн 2000 гаруй сурагч, 120 орчим багш ажилчид эрүүл ахуйн шаардлага хангасан, орчин үеийн стандартад нийцсэн ариун цэврийн өрөөг ашиглах боломжтой болох юм. Дархан-Уул аймаг жил бүрийг “Хүүхэд хамгааллын жил” болгон зарласан. Энэ хүрээнд хүүхэд багачуудын сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулахад сургуулиудын захиргаа анхааран ажиллаж байна.

Гүүд Нэйборс ОУТББ-аас тус сургуульд “Багшийн хөгжил хөтөлбөр”, “Хүүхдийн эрхийн клуб” зэрэг дөрвөн төслийг өнгөрсөн хугацаанд амжилттай хэрэгжүүлсэн ба өнөөдөр ийнхүү тав дахь төслийнхөө нээлтийг хийж байна.

Төслийн зураг төсвийг аймгийн ИТХ-ын төлөөлөгч Д.Элдэвсайхан хувиасаа хөрөнгө мөнгө гарган хийж, төсөл хэрэгжих боломжийг нээн өгсөнд сургуулийн хамт олон, сурагчид талархсанаа илэрхийлж байна.

 

相关新闻