Спорт авиралтын аварга шалгаруулах тэмцээнд 50 гаруй тамирчин оролцлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан-Уул аймагт Спорт авиралтын клубийг өнгөрсөн 12 дугаар сард байгуулсан. Албан ёсоор дөрөвдүгээр сараас эхлэн хичээллэн тамирчдаа бэлтгэж эхэлжээ. Тус клубээс олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан клубийн аварга шалгаруулах спорт авиралтын тэмцээнийг өнөөдөр зохион байгууллаа.
Монголын үндэсний спорт авиралтын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга,
ОУХМ Д.Батжаргал багшийн удирдлага дор хичээллэдэг клубийнхэн болон бусад
тамирчид оролцож хурд, хүч авхаалж самбаагаа сорилоо. Нийт 50 гаруй тамирчид хоёр насны ангиллаар
12 багц медалийн төлөө өрсөлдсөн байна. Клубийн аварга шалгаруулах уг тэмцээнийг
Монголын үндэсний спорт авиралтын ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Б.Баттөмөрийн
ивээл дор зохион байгуулсан бөгөөд тэмцээн бүтэн өдрийн турш үргэлжилж
аваргуудаа тодрууллаа. Залуучуудын эмэгтэй насны ангилалд “Оюуны-Ирээдүй”
цогцолбор сургуулийн сурагч А.Энхсаруул 27.73 секундын амжилтаар тэргүүн байр
эзэлсэн бол удаах байруудад 16 дугаар сургуулийн сурагч М.Халиун,
Б.Цасангоо нар шалгарчээ. Залуучуудын эрэгтэй насны ангилалд тэргүүн байрт “Шинэ-Алхам”
сургуулийн сурагч М.Алтаншагай 12.14 секундын амжилтаар алтан медалийн эзэн
болж удаах байруудад 16 дугаар сургуулийн сурагч Б.Отгонбат, Б.Батмөнх
нар мөнгө, хүрэл медаль хүртлээ.
Өсвөрийн
эмэгтэй насны ангилалд “Од” цогцолбор сургуулийн сурагч М.Хонгорзул 22.65
секундын амжилтаар тэргүүлсэн бол 16 дугаар сургуулийн сурагч
Д.Гэрэлмаа, А.Амин-Эрдэнэ нар удаах байрт шалгарлаа. Өсвөрийн эрэгтэй насны
ангилалд 15.86 секундын амжилтаар 18 дугаар сургуулийн сурагч Ч.Тэргэл
тэргүүн байр эзэлсэн бол мөнгөн медалийн эзнээр 16 дугаар сургуулийн
сурагч Г.Алтангэрэл, 18 дугаар сургуулийн сурагч Б.Мөнхтөгөлдөр хүрэл
медаль хүртэж, спорт авиралтын тэмцээний шилдгүүдээр тодорчээ. Мөн Спортын
авиралтын тэмцээнд оролцсон хүүхэд бүрт баярын бэлэг, дурсгалын зүйл, тус клубт
хөнгөлөлттэй хичээллэх эрхийн бичиг гардууллаа.
Ташрамд, спортын стандарт ханын өндөр 15 метр аж. Клубийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж
буй уг хана найман метрийн өндөртэй аж. Тус спортоор хичээллэж буй хүүхдүүд
өнгөрсөн сард улсын аваргын тэмцээнд оролцож өөрсдийнхөө хувийн амжилтыг
эхлүүлсэн байна. Цаашид уг спортыг аймгийн хэмжээнд хөгжүүлэх үүднээс “Миний
Монгол” цэцэрлэгт хүрээлэнд стандарт ханыг барьж байгуулах ажээ.







