ДАРХАН-УУЛ: Тарьц, суулгац бэлтгэх талаар мэргэжлийн зөвлөгөө өглөө
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн улс орон даяар
өрнөж байгаа. Энэ хүрээнд “Ногоон
Дархан-2032” хөтөлбөрийг хэрэгжүүлж Дархан-Уул аймаг арван жилийн хугацаанд 20 сая мод тарина. Ногоон
Дархан болохын төлөө
хүүхэд бүрийг тарьц, суулгац ургуулагч болгохоор зорьж байна.
Эхний ээлжинд ЕБС-ийн биологийн багш
нар, СӨББ-ын багш нарт мод, мандлын цэцгийн үр үрсэлгээ, тарьц суулгацыг хэрхэн
бэлтгэх талаар мэргэжил арга зүйн зөвлөгөөг өгч нэгдсэн сургалтад хамруулж
байна. Өнөөдрийн сургалтыг
Дархан-Уул аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлангаар ахлуулсан “Ногоон
Дархан-2032” ажлын хэсэг зохион байгууллаа. Сургалтыг "Моностой
нөхөрлөл"-ийн ахлагч, Биологийн ухааны доктор Г.Цэдэндаш, Дархан-хот тохижуулах газрын инженер
Д.Ханджаргал нар удирдан явуулж мэргэжлийн зөвлөгөө өгөв. Түүнчлэн
аймгийн БОАЖГ-аас хүүхэд багачуудад зориулан модны үрийг хэрхэн таних, үрийг
хэрхэн гаргаж авах, тарих чиглэлээр цуврал теле хичээл бэлтгэж байна.
Их, дээд сургууль, Политехникийн коллежийн багш нараар дамжуулан оюутан сурагчдад мөн нарс модны тарьц бэлтгэх арга аргачлалыг зааж өгөх юм. Хүүхэд залуучуудын ургуулсан тарьц, суулгацаар жил бүр тарих модны нөөцийн тодорхой хувийг бүрдүүлэхээр тооцоолж байна.